Экс Ерөнхийлөгч Х.Баттулга хилээр гарч одов. Нүүрсний хэргээс эхлээд төмөр зам, Хөгжлийн банк гээд үргэлжлэх түүний холбогддог, түүний автортай хэргүүд “хад мөргөх” аюул тулгарлаа.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга зүрхний стент тавиулахаар БНСУ-ыг зорьсон аж. Мөн “эргэж ирнэ” гэх мэдээллийг өгч байна. Гэвч энэ үгэнд итгэхэд туйлын бэрх. Х.Баттулгын эргэн тойрныхон өнгөрсөн хугацаанд хэрэг төвөг нь гарцгүй болсон даруйдаа шууд л зугтчихдаг. Зугтаалгачихдаг зуршилтай. Ийм жишээ “Либерти Партнерс”-ын Ч.Ганбатаас эхлээд нүүрсний хулгайн гол тоглогч “Тавантолгой төмөр зам”-ын Н.Удаанжаргалаар үргэлжилнэ.
Товчхондоо, Х.Баттулга ирэхгүй нь магадлал нь ирэхээсээ тохой илүү гэсэн үг.
Тэгвэл АТГ-ынхан яллагдагчаар татаж, хэрэг бүртгэлт үүсгэчихсэн хамгийн гол сэжигтнээ ийм амархан тавиад явуулчихсан нь хамгийн сонин. Мэдээж өнөөдрийн байдлаар Х.Баттулгыг буруутай гэж шүүх тогтоогоогүй. Гэхдээ үйл явдлын баримт бүр, үнэнээ өчиж буй Б.Ганхуягийн мэдүүлэг бүр экс Ерөнхийлөгч рүү эргэж буцалтгүй чиглэж байгаа. Ийм байхад АТГ-ын мөрдөн байцаагч, комиссарууд торон дотроосоо шувуугаа алдчихлаа. Мөн хулгайд хардагдсан этгээдүүдэд хууль тэгш бусаар үйлчилж байна. Гол сэжигтэн нөхөрт яагаад өнөөдрийг хүртэл таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй. Ядаж хилийн хориг тавиагүй нь хачирхалтай байна. Бусад чипакуудыг нь болохоор хориод, хориглоод байгаа атлаа акулуудын толгойг илж буй нь шударга бус байна.
Тэгвэл Х.Баттулгыг гадагшаа явах эрхийг олгоход улс төрийн зүгээс хэн оролцсон бэ. Хэн түүнийг гадагшаа явахыг хүлээн зөвшөөрсөн бэ гэдэг өнөөдрийн хамгийн сонирхолтой асуулт байх болно. Ийм том асуудалд улс төр орохгүйгээр, нөлөө бүхий нэгний зөвшөөрөлгүйгээр явна гэж байхгүй.
Мэдээж хардлага шууд утгаараа одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар руу чиглэх нь гарцаагүй.
Яагаад гэвэл аль, аль нь Х.Баттулгатай ойр дотно. Ерөнхий сайдын хувьд хэрвээ эрхийг нь олгосон гэж үзвэл өнгөрсөн хугацаанд засаг төрөө самруулангаа алдаж эхлүүлсэн нүүрсний хулгайн тэмцэл нь замхарч одно. Өөрөөр хэлбэл, гол эзэн нь зугтчихсан байхад нүүрсний хулгайг мянга яриад ч үнэмшилгүй. Ял шийтгэл олгоод ч нэмэргүй. Өөрөөр хэлбэл, эхлүүлсэн бүхнээ нураахыг хүсвэл Ерөнхий сайд энэ эрхийг олгоно.
Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нүүрсний хулгайн гол авторт гадагшаа явах эрхийг улс төрийн зүгээс олгосон байх магадлал маш өндөр. Нэгдүгээрт, Х.Баттулга гэдэг хүнд У.Хүрэлсүх өртэй. М.Энхболдыг шороотой хутгахад тусласныхаа хариуд Ерөнхий сайд хүртэл дэвшихэд нь Х.Баттулгын дэмжлэг онцгой байсан. Дараа нь ЖДҮ-гийн хэргийг босгож У.Хүрэлсүхийн Засгийн газрын огцруулах ажиллагаа эхлэхэд Х.Баттулга АН-ын гишүүдээрээ кнопдуулан хамгаалж байсан. Үүнийг С.Эрдэнэ ч, Ж.Батзандан хоёр барин тавин нотолдог.
Мөн нүүрсний хулгайн эхлэл болон бүхнийг нууцлах асуудлыг анх ҮАБЗ-өөс шийдсэн байдаг. Тэр үед Х.Баттулга ҮАБЗ-ийн даргаар, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар гишүүдээр нь ажиллаж байсан. ҮАБЗ-ийн зөвлөмж дээр гурван төлөөлөл гарын үсэг зурж, санал нэгдсэн цагт албажих учиртай. Ийнхүү зөвлөмж нэгэнт гарсан тул улсын нууцад авах асуудлыг ЗГ-аас шийдвэрлэж, төмөр замын бүтээн байгуулалтыг нууцад авснаар бусад бүх гэрээнүүдэд нууцын тамга дарж, хулгай эхэлсэн түүхтэй.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бол хүссэн хүсээгүй шийдвэр гаргаж нууцад оруулсан хүн мөн. Түүний тэргүүлсэн ЗГ нууцад оруулах шийдвэрийг гаргасан байх учиртай. Зөвлөмж гэдэг зөвлөмж л байдаг. Гүйцэтгэх засаглал үүнийг алдаатай, хулгайтай гэж үзвэл зөвлөмжийг дагахгүй байж болно.
Мөн У.Хүрэлсүх одоогийн АТГ-ын дарга З.Дашдавааг Ерөнхий сайд байхдаа 2019 оны тавдугаар сард томилуулж байв. Товчхондоо, Хэнтий аймгийн харьяат З.Дашдаваа бол У.Хүрэлсүхийн хүн л гэсэн үг.
Тиймээс энэ бүхний эцэст АТГ-ынхан нүүрсний хулгайн хэргээр шалгагдаж эхэлсэн хүмүүст яагаад ялгавартай хандав. Яллагдагчаар татсан уу, үгүй юу гэдэг нь өнөөдрийг хүртэл мэдэгдэхгүй байна. Өнөөдрийг хүртэл таслан сэргийлэх алхам хийхгүй яагаад удав. Ядаж хилийн хориг тавиагүй шалтгаан гээд АТГ-ынхнаас асуух түм буман асуулт байна.
Хэрвээ Х.Баттулга олны таамаглаж буйгаар эргэж ирэхгүй зугтаж орхивол хамар дороосоо гол сэжигтнээ алдсан АТГ-аас хамгийн түрүүнд хариуцлага нэхэх ёстой юм шүү.
Г.Лхагвадорж