Монгол Улсын иргэний нийгмийн оролцооны түвшин дэлхийн 179 орноос 110-д жагсаж байгаа үзүүлэлт олон улсын судалгааны байгууллагын дүгнэлтээр гарсан байна. Тиймээс Төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчлэн найруулах ёстой хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
Тэрбээр, "Монгол Улсын иргэний нийгмийн оролцооны түвшин дэлхийн 179 орноос 110-д жагсаж байгаа үзүүлэлт олон улсын судалгааны байгууллагын дүгнэлтээр гарсан байна. Энэ нь 1997 онд анх удаа баталсан Төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчлэн найруулж, иргэний нийгмийн хөгжлийг дэмжсэн, эвлэлдэн нэгдэх иргэний эрхийг бүрэн хангах хэрэгцээ үүссэн байгааг илтгэж байгаа юм.
Хуулийн шинэчлэлийн хүрээнд Сан болон холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар олон нийт, судлаачид, мэргэжлийн холбоодын дунд нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Иргэний нийгмийн байгууллагуудын хөгжил нь ардчиллын гол тулгуур болдог учраас уг хуулийн төслийг сайтар хэлэлцүүлж, салбарын болон олон нийтийн санаа бодлыг заавал тусгах шаардлагатай.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлого, 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шийдвэр гаргах түвшинд иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодын санал авах, зарим чиг үүргийг шилжүүлэх гэх мэт ажлуудыг тодорхой тусгаж чадсан. Үүний бодит хэрэгжилт иргэний нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн хуулийг шинэчлэн батлах үйл явц юм.
Тиймээс төр иргэний нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн хууль баталж, түүнийхээ хэрэгжилтэд анхаарах бол нөгөө талаас аливаа төрийн дэмжлэг, хөнгөлөлт, чөлөлөлтийг эдлэх сан, холбоод нь нээлттэй, ил тод, тодорхой байх зүй ёсны асуудал билээ.
Ардчилсан засаглалтай улсад олон ургалч байдлыг хүндэтгэх, үзэл бодлоо илэрхийлэх, түүний илрэл болж жагсаж цуглах нь иргэдийн эрх, ардчиллын хэмжүүр байдаг. Тиймээс иргэнийхээ, нийгмийнхээ дуу хоолой, хүсэл эрмэлзлийг сонсдоггүй ардчилсан төр гэж байх ёсгүй юм. Иймээс хуулийн төсөл нь иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааг илүү ойлгомжтой, хүртээмжтэй байхад чиглэх нь зүйтэй. Харин төр эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлах аливаа алхам хийхээс сэргийлэх заалт оруулах шаардлагатай гэж харж байна" гэжээ.