Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 8-ны өглөөний 10:40 цаг орчимд Дархан-Уул аймгийн "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн цайны газарт засварлагааны үеэр хүүхдүүдийн дунд амьсгал боогдуулагч хий цацсан хэрэг гарсан. Хэргийн мэдээлэл анх цацагдах үед олон нийтийн дунд сургуулийн цайны газраас ахуйн газ алдагдсан байж болзошгүй гэх мэдээлэл гарсан боловч сургуулийн нийгмийн ажилтны зүгээс сурагчдаас хэн нэг нь ямар нэг зүйл шидсэн гэх мэдээллийг өгөөд байсан юм. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн дунд зөрүүтэй мэдээллүүд ихээр бий болсон. Иймд сургуулийн цайны газарт амьсгал боогдуулагч хий цацсан гэх хэргийн ЭРГЭН ТОЙРОНД гарсан мэдээллүүдийг нэгтгэн хүргэж байна.
-Хийнд хордож ирсэн багш, ажилтан сурагчдад эрүүл мэндийн байгууллага яаралтай тусламж үзүүлж ажиллав-
Хэрэг гарсаны дараагаар яаралтай тусламжаар "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн 30 орчим багш ажилтан нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн ба эмнэлгийн ажилчид яаралтай тусламж үзүүлж ажилласан юм.
Энэ талаар тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагын зүгээс "Эмнэлгийн гамшгийн төлөвлөгөөний дагуу эмч, сувилагч нар ажиллаж байна. Одоогоор биеийн байдал маш хүнд хүүхэд байхгүй. Бүгд амьсгалын замын дээд зам цочирсон хүүхдүүд байна. Хүргэгдэж ирсэн хүүхдүүдийг эрэмбэлж, хоёр цаг ажиглаад хэвийн хүүхдүүдийг гэр рүү нь буцаана. Хүнд хүүхэд байхгүй. гал тогооны хоёр ажилтны хувьд эхний ээлжинд эрчимт эмчилгээ рүү оруулж байна" гэх мэдэлэлийг өгсөн юм.
ЭМЯ: Нэг хүн ухаан балартсан, ярьж чадахгүй байдалтай байна
Эл хэрэгтэй холбогдуулан эмнэлэгт хэчнээн хүн хүргэгдсэн, биеийн байдал ямар байгаа талаар ЭМЯ-наас тодруулахад дараах мэдээллийг өгөв. Тодруулбал, одоогийн байдлаар нийт 31 хүүхэд, 6 том хүнийг эмнэлэгт хэвтүүлээд байгаа ба хоёр том хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн байна. Тухайн хоёр иргэний нэг нь ухаан балартсан ярьж чадахгүй байдалтай, нөгөө нь үе мөч татах, толгой хүчтэй өвдөх зовуурьтай байгаа аж. 31 хүүхдэд эмчилгээ хийж байна. Бүх хүнд хоолой хорсох, толгой өвдөх зовиуртай байгаа юм байна.
-Г.Дамдинням: Өмнө нь халдлагад өртөж байсан хүүхдийн хамгаалах хэрэгслийг өөр хүүхэд коридорт цацсаны улмаас 10-аад хүүхэд эмнэлгийн тусламж авсан-
Сургуулийн орчинд бусдын эрүүл мэндэд аюул учруулсан эл хэрэгтэй холбогдуулан тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдинням дараах мэдээллийг өөрийн албан ёсны твиттер хуудсаараа мэдээлэв. Тэрбээр "Өмнө халдлагад өртөж байсан хүүхдэд аав, ээж нь хувийн хамгаалах хэрэгсэл авч өгсөн байж. Тэрийг нь нөгөө ангийн хүүхэд нь саваагүйтэж коридорт цацсаны улмаас 10-д хүүхэд нулимс асгаруулагчид өртөж эмнэлгийн тусламж авсан. Одоо зүгээр гэсэн мэдээлэлтэй байна" гэв.
-Цайны газарт ахуйн газ алдагдаагүй болох нь тогтоогдсон-
Харин эл хэрэг гарсаны дараагаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Жавхлан газар дээрх нөхцөл байдал дээр очиж ажилласан ба сургуулийн цайны газраас газ алдагдсан гэдэг нь ташаа мэдээлэл болохыг хэлсэн юм. Тэрбээр "Их засварлагааны үеэр мэргэжлийн байгууллагуудад мэдээлэл ирсэн. Холбогдох байгууллагууд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна. Түүнчлэн шалтгаан нөхцлийг тодруулахаар сургууль дээр онцгой, цагдаа, тагнуулын байгууллага ажиллаж байна. Ахуйн газ биш гэдэг нь тогтоогдсон. Урьдчилсан байдлаар энэ сургуулийн сурагч нулимс асгаруулагч хий цацсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Сургуулийн орчинд ахуйн газр алдагдсан гэдэг нь ташаа мэдээлэл. Сургуулийн цайны газраас ахуйн газ алдагдсан зүйл байхгүй" гэв.
-ЦЕГ: Төгсөх ангийн хоёр сурагч цайны газарт нулимс асгаруулагч цацлага цацаад эд мөрийн баримтаа хогийн саванд хаясан байсан-
Хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвөөс тодруулахад "Дархан-Уул аймаг, Дархан сум " сургуулийн А байранд газ алдсан юм шиг байна" гэсэн мэдээллийг 11-р сарын 08-ны 11:05-д авч шалгалтын ажиллагааг явуулахад тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч эрэгтэй “С, эмэгтэй “Э” нар нь БНХАУ д үйлдвэрлэсэн байж болзошгүй хаяг шошготой харуул хамгаалалтын зориулалт бүхий нулимс асгаруулагч гэх цацлага их завсарлагааны үеэр 1 давхарын цайны газрын кордиорт нэг удаа цацсан байдал нь камерийн бичлэг болон эд мөрийн баримтыг хогийн саванд хаяснаа өөрсдөө зааж өгсөн байдлаар тогтоогдсон" болохыг мэдээллээ.