Хөгжлийн банкийг “тоносон” улстөрчдийн хэрэг манайдаа л Уотгейргэт болж байх шиг. Чанаргүй зээл олгосон болон авсан этгээдүүдийг “шүүрдэж” харвал бүгд улс төрийн эрх мэдэлтэй хүмүүс. Эсвэл улс төрд “гүйдэлтэй” бизнесийнхэн байна. Одоогийн байдлаар шүүхэд шилжсэн 26 төлөгдөөгүй зээл байна. Нийтдээ чанаргүй буюу эргэн төлөгдөхгүй байгаа 1.8 их наяд төгрөгийн өр Хөгжлийн банк дээр үүссэн. Өнгөрсөн өдрүүдийн өрнөсөн ӨР ТӨЛҮҮЛӨХ акцыг ажиглавал нөгөө л Б.Ундармаа, Б.Гарамжав, Эрэл, “Сахал” Б.Эрдэнэбилэг тэргүүтэй улстөрчид, эсвэл улс төрийн нөлөөллөө ашиглаж төрийн мөнгөөр ажлаа явуулдаг бизнесийн хэдийг илүүтэй “балбаж” байна. Гэтэл цаана нь тэднээс дутахгүй хэмжээний хохирол учруулсан. Улс төрийн нөлөөлөл үзүүлсэн нөхдүүд сэм сугарч үлдээд байна.
Тэднийг “уснаас хуурай гаргаж” хэрхэвч болохгүй. Төрийн мөнгийг авчихаад ажлаа ч хийхгүй, буцааж төлөхгүй яваа ийм нөхдүүдтэй хэвлэл олон нийт, хууль шүүхийнхэн нарийн үзэх нь зүйтэй. Энэ чимээгүй сугарч үлдэгсдийн нэг бол Бармон ХХК юм. Тус компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Шинэчлэл хороолол барина гэж авсан 17 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй 54 сарын хугацаа хэтэрсэн. Аргаа барсан Хөгжлийн банкныхан тус компанийг шүүхэд өгөөд байгаа.
Иймэрхүү байдлаар авсан зээлээ төлдөггүй нөхдүүдэд Ардын намын дарга нар яг ямар арга хэмжээ авах вэ. Шүүхээр эцэслэн шийдэгдсэн хүнийг нь намаасаа хасч, улс төрийн албан тушаалыг нь бууруулахыг хүлээвэл бүх зүйл замарна. Ийм төрлийн нэг хэрэг шүүхээр эцэслэгдэж шийдэгдэх хүртлээ багадаа 4-5 жил зарцуулагддаг. Тиймээс шүүхийг хүлээлгүй зарим төрлийг арга хэмжээг хуулийн хүрээнд авах хэрэгтэй.
Жишээлбэл, зээлээ төлөхгүй хугацаа хэтрэлттэй компаниудыг Монголбанкны ХАР ЖАГСААЛТАД оруулах. Цаашлаад авсан зээлээ бүрэн төлж дуусах хүртэл төрийн ямар нэгэн тендерт оролцох эрхийг нь хасах хэрэгтэй.
Ингэсэн нөхцөлд л төрөөс “тэжээгдэж” явдаг компаниуд өр зээлээ төлнө. Үгүй бол авсан зээлээ эргэлдүүлж, байгаад шүүхээр таслагдахынхаа өмнө л эргүүлж төлнө. Хэрвээ Хөгжлийн банкны чанаргүй зээлийг эздээр нь төлүүлж чадахгүй бол 1.8 их наяд төгрөгийн өр Засгийн газарт шилжиж, ард түмэн татварын мөнгөөрөө төлөх болно. Үүнийг Л.Оюун-Эрдэнэ, иргэн Дулмаа нар мянга үгүйсгэж, эсэргүүцээд нэмэргүй. Самурай бондыг авахад Засгийн газар баталгаа гаргачихсан тул энэ өр явж, явж Засгийн газар дээр л ирнэ.