УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэх эсэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх, МҮХАҮТ-ийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлуудыг хэлэлцэж байна.
Хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, харулт авч байна.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: "Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн мөнгөн урамшууллыг эргэж харах хэрэгтэй. Х.Нямбаатар сайд 1980-аад онд амьдарч байсан ах эгч нар гэж хэлж байна. Гэхдээ манай ээж аав, эмээ өвөөгийн хувьд энэ инээдэм биш. Тэр нийгэмд матаасын ачаар албан тушаал ахидаг, нам дотроо нэр хүндтэй болдог байсан. Тийм учир бид матаасын соёлыг мөнгөн урамшууллаар дэмжиж болохгүй. Харин маш тодорхой гэмт хэрэг дээр байж болох юм.
Ерөнхий зохицуулалт, шалгуургүйгээр мөнгөн урамшуулал өгөх нь маш аюултай. Тэр чигтээ бизнес болно. Хуульд 100-1.5 тэрбум төгрөг хүртэл мөнгөн урамшуулал олгохоор заасан байсан. Хүмүүсийн нүдэнд мөнгө л харагдаж байгаа" гэв.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: "Г.Амартүвшин гишүүн ээ би хуучин нийгмийн матаасын тогтолцоог индээм байдлаар огт хэлээгүй. Лениний төр ба хувьсгал зохиолд иргэд харилцан бие биеэ хянах тогтолцоог маш тодорхой бичсэн байдаг. Энэ нь цаашдаа биеллээ олж маш олон мянган хүн матаас, гүжир гүтгэлгийн золиос болж хэлмэгдсэн гашуун туршлага бидний өвөг дээдсийг дайрч өнгөрсөн. Г.Амартүвшин гишүүн саруул ухаандаа матаасны тогтолцооноос шүгэл үлээх харилцааг өөрөөр ойлгоосой гэж бодож байна. Өөрөөр хэлбэл шүгэл үлээх харилцаа нь нийтийн албан тушаалтан, нийтийн албанд хувийн болон нийтийн ашиг сонирхлыг зохицуулах урьдчилан сэргийлэх хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй өөртөө давуу байдал үүсгэсэн үйлдэл бүрийг олон нийтийн хяналтад оруулах гэж буй үйлдэл.
Шүгэл үлээсэн асуудал нь үндэслэлтэй байж, тодорхой дүгнэлтийг нь үндэслэж байж асуудлыг шийднэ. Өнөөдөр үүнийг нэгдсэн хуулийн зохицуулалтад оруулж өгье гэдэг хуулийн зохицуулалт яригдаж байгаа. Та, би, бид бүхэн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх үүргэтэй. " гэдгийг хэллээ.