Өнгөрсөн өдрүүдэд гарсан зам тээврийн ослын талаар ТЦА-наас мэдээлэл хийлээ. Энэ үеэр 12 настай хоёр охин "Ланд-200" маркийн автомашинд мөргүүлж, ханатай нидрүүлсэн ч гэмтэл нь хөнгөн гарсан гэх асуудалд тайлбар өгөв.
"Мөрдөн байцаалтын ажиллагаагаар тухайн үед 29 настай эмэгтэй М гэгч нь машиныг жолоодож явсан нь тогтоогдсон. Түүний найз залуу гэх Б нь жолоо бариагүй нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.
Мөн М гэгч эмэгтэйн аав нь цагдаагийн нөлөө бүхий хүн гэх мэдээлэл цацагдсан. Тийм зүйл байхгүй. М-ийн овог нь манай Дотоод цэргийн ангийн дарга Р.Чингистэй ижил учраас буруу ташаа мэдээлэл цацагдаад байна. Тогтоогдож буй байдлаар аав нь төрийн болон улсын байгууллагад янз бүрийн албан тушаал эрхэлдэггүй байсан нь тогтоогдоод байна.
Зам дагуу алхаж байсан хоёр охины тухайд шүүх шинжээч томилсон. Нэг хүүхэд нь эмнэлгийн тусламж авч, эмчилгээ хийлгэж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан. Албан ёсны дүгнэлтийг аваагүй байна. Гэхдээ дахин шинжээч томилох асуудлыг прокурорын байгууллагад тавьсан байгаа" хэмээлээ.