АЗХ-ны нэрийн өмнөөс Б.Цогтгэрэл даргатай АН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Эрдэнэболд тэргүүтэй залуус АТГ-т шаардлага хүргүүлж, 4 хоног гадаа хэвтэв. Тэд АТГ-аас С.Эрдэнэ, Х.Баттулга хоёрын нэр холбогддог хэргүүдийг хууль хяналтынхан шалгаж байгаа юу. Шалгаж байгаа бол ямар шатандаа явна вэ гэдэг ганцхан тодорхой хариулт нэхсэн.
Ингээд эцэст нь Буриадын дүрвэгсэдтэй хүртэл андууруугдан байж гурав, дөрөв хоног хэвтсэн тэдэнд АТГ маш сонирхолтой хариулт өгөх нь тэр. Тодруулбал, АТГ-аас “АН-ын дарга асан С.Эрдэнэд холбогдох эрүүгийн гэмт хэргийг шалгаж байгаа. Харин Х.Баттулгад холбогдох ямар нэгэн хэрэг шалгагдаагүй байгаа” гэсэн хариулт өгч "зохиомол зодоон"-ы эхний эхний үзэгдлийг дуусгалаа. Ер нь манай АТГ ч, муухан улстөрчөөс хавь илүү улс төр хийдэг газар л даа. Тиймээс тэдэнд ийм хариулт өгөхөө сайн мэдэх улс.
Өөрөөр хэлбэл, суултын үр дүнд тэртээ тэргүй НДС, Дарханы гурилын үйлдвэрт элеватор шахсан гэх С.Эрдэнээгийн эрүүгийн гэмт хэргүүд шалгагдаж байгааг олон нийт мэдлээ. Харин Х.Баттулгыг ямар ч хэрэгт холбогдуулж шалгаагүй гэдгийг бас мэдэж авлаа. Товчхондоо, АТГ-ын хариуны дараа С.Эрдэнэ баабаа, Х.Баттулга гэгээн болж үлдлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн наймдугаар сард байгуулсан “2009-2019 он хүртэлх Төмөр замын асуудлыг шалгах” ажлын хэсэг юу болов. Х.Баттулгыг шалгах нь гэж олон нийт алга ташиж хүлээсэн ч үнэн хэрэгтээ экс Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийнхны өмнө нэр цэвэр, гар цэвэр алхаж байна.
Уг ажлын хэсгийг ахалж байгаа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сонин хэвлэлээр сүртэй, сүртэй тоо яриад л, том том мэдэгдэл хийгээд байсан. Гэтэл үнэн хэрэгтээ ам, ажил хоёр нь зөрчихсөн байна. Х.Нямбаатар сайд “Гашуунсухайтын төмөр замыг гацаасан хүн бол Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга. Бүгд л мэдэж байгаа. Гялгар уутанд элс хийж цоолоод баялаг чинь алга болно, дуусна гээд явж байсан хүн. Үүний ард олж болох орлого буюу алдагдсан боломж нь 80-90 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Өнөөдрийн Монгол Улсын нийт гадаад өртэй тэнцэхүйц хэмжээний боломжийг нөхөр экс Ерөнхийлөгчийн пропагандад алдсан. Үүнийг ч цааш нь нэхэмжлэх ёстой!. Энэ талаар материалыг холбогдох байгууллагаас ирүүлэх хүсэлтийг тавьсан” гэж айлдсан.
Гэтэл яг сарын дараа Хуулийн сайдын үг, үйлдэл хоёрыг бүрэн зөрсөн болохыг нийтээрээ харлаа, үзлээ. Эсвэл Хуулийн сайд нь өөрийн биеэр хүсэлт хүртэл хүргүүлчихээд байхад прокурор, АТГ-ынхан нь том толгойлоод ажлаа хийхгүй байгаа хэрэг үү. Үнэндээ мэдэх юм алга.
Ер нь эхнээсээ л Х.Баттулгыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шалгана гэдэгт би лав хувьдаа итгээгүй. Байдаг л нэг "зохиомол зодоон" гэж харагдсан. Ямар сайндаа л “Үнэхээр шалгах гэж байгаа бол хилийн хориг тавьчих” гэж хүртэл бичиж байх вэ дээ. Хамгийн гол нь У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад Х.Баттулгыг шалгаад, орон шоронд хийнэ гэдэг үнэндээ л үлгэр шиг сонсогдож байгаа биз дээ. С.Эрдэнээгээс хүртэл "У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад дэмж" гээд явж байсан Х.Баттулгынхаа ачыг манай хурандаа лав мартах учиргүй. Өчигдрийн АТГ-ын “цэвэрхэн” гэдэг хариултын дараа энэ бодолдоо бүр бат итгэж байна.
Эцсийн дүндээ Х.Баттулгыг шалгасан нэр хэмээгээд, өнөөдрийнх шиг ээ ЦЭВЭРХЭН гэж олон нийтийг мунхруулаад 2024 он сонгуульд орох бололтой.
Уг нь хуулийнхны ширээн дээр Х.Баттулгын төмөр замын хэрэг шиг бэлэн материал бараг байхгүй. Түүнд холбогдох төмөр замын хэрэг, Хөгжлийн банкны асуудал овоолсон шорооноос нь дутахгүй овоолоостой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө хүртэл энэ тухай 2017 онд намынхаа хурал дээр хэлээд л зогсож байсан. Тэрбээр, “Х.Баттулга гэдэг хүнийг яг үнэндээ та л Бадамжунайг Сингапур руу авч ирж, ял авах гэж байхад нь өөрөө өршөөгөөд, өөрөө захиалж Ерөнхийлөгч сонгуульд нэр дэвшүүлсэн шүү дээ. Яг үнэндээ ийм л зүйл болсон” гэж хэлж байлаа.
Ямартаа ч “зохиомол зодоон”-ы эхний хэдэн тавилттай үзэгдэлд маниус бөөнөөрөө л хууртсан бололтой. Одоо өнөөх "зохиомол зодоон"-ы хоёрдугаар үзэгдэл Х.Нямбаатар сайд бантсандаа ойрын өдрүүдэд Х.Баттулгыг яллагдагчаар татуулснаар эхэлнэ...
Г.Лхагвадорж