Өнгөрсөн дөрвөн өдрийн хугацаанд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1661 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1226 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 46 хүн гэмтэж бэртсэний 40 нийслэлд, 6 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 5 хүний амь хохирчээ.
Хүүхэд өртсөн 4 осол бүртгэгдэж, 4 хүүхэд гэмтсэн байна. Дээрх осолд өртсөн хүүхдүүд 3 явган зорчигч, 1 мотоцикл жолоодох хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна.
Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлын бүсийг зүүж хэрэглэхийг хэвшүүлэхийг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.
Эцэг эх, асран хамгаалагч нар хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгах, Мөн бага насны хүүхдийг хараа хяналттай гудамж замын хөдөлгөөнд оролцуулах, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ гараас нь хөтлөн явах, тээврийн хэрэгсэлд аюулгүй тээвэрлэх, аюулгүй байдлыг хангасан газар тоглуулахыг зөвлөж байна. Зам тээврийн осолд өртсөн тохиолдолд 102 тусгай дугаарт хандаж дуудлага мэдээлэл өгдөг талаар мэдээлэл өгч байхыг зөвлөж байна.