Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

3420: Гавьяатын ТӨЛӨӨС...

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 24 секунд

Гавьяат эдийн засагч Б.Лхагвасүрэнгийнхээ ачаар монголчууд ойрд үзэж хараагүй олон сайхан юм үзэж байна. Өнгөрсөн хавраас хойш ам.доллар хоёр ханштай байхыг үзсэн бол өнөөдөр ханш нь тэнгэрт тулж, банкууд хязгаарлалт тогтоохыг харлаа.

Эрүүл саруул хариуцлагын тогтолцоотой улс орон онд инфляци, валютын ханш хоёр нь өнөөдрийнх шиг жолоогоо алдах нь төв банкны Ерөнхийлөгчийн огцрох шалтгаан болдог. Манайд бол эсрэгээрээ. Монголбанкны Ерөнхийлөгч нь асуудлаа цар тахал, хил гааль руу нялзаагаад сууж байх жишээний.

Хэдхэн тоо үзүүлье.

Ubn.mn

Б.Лхагвасүрэнг Монголбанкны захирлаар томилогдсон 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ам.долларын ханш 2706 төгрөгтэй тэнцэж байв. Өнөөдөр ноён ногооны ханш 3420 төгрөгтэй байна.

Ubn.mn

Инфляц Б.Лхагвасүрэн Ерөнхийлөгчийг томилогдсон гурван жилийн өмнөх 5.4 хувьтай байсан бол өнөөдөр 14.4 хувь болж өссөн байх жишээний.

Ubn.mn

Валютын нөөц мань эрийг томилогдсон үед 4 тэрбум ам.доллар байсан. Одоо валютын нөөц 2.7 тэрбум ам.доллар байна. Ерөнхийдөө уутныхаа амыг доош нь харуулаад сэгсрээд дуусч байна.

Ердөө энэ хэдхэн үзүүлэлт л Б.Лхагвасүрэн Ерөнхийлөгчийг эдийн засгийн асуудлаа сууриар нь харж чадахгүй байгааг илтгэнэ. Мэдээж эрэлт, нийлүүлэлттэй холбоотой шок үүссэн гэдгийг ойлгож байгаа. Гэвч үүнийг давж гарах арга замаа аль эрт тодорхойлж, зохицуулалт хийх байсан. Гэвч Монголбанк дорвитой хөдөлсөнгүй. Өчигдөр гэхэд л мөнгөн бодлогын хүүгээ 2 хувиар нэмж, 12 хувь болгож огцомдуулж байх жишээний. Уг нь эрүүл ухаантай зарим хүмүүс эдийн засгаа том зургаар нь харахыг Б.Лхагвасүрэн Ерөнхийлөгчид жилийн өмнөөс нь л хэлсээр ирсэн. Гэвч тэр улс орны эдийн засаг, иргэдийн аж амьдралд анхаарсангүй. Харин ч мод тарьж өөр нэг Ерөнхийлөгчид таалагдах гэж өнгөрсөн зуны сүүлийг барсан.

Өнгөрсөн хавраас хойш ам.долларын хоёр ханштай болсон. Мөнгөний бодлого нь явахгүй байхад л энд, тэнд хязгаарлалт хийж, хуучин коммунист шиг аашилсаных нь төлөөсийг монголчууд амьдралаараа төлж байна. Банкууд нь 300 ам.доллараас илүүг иргэдэд өгөхгүй болчихлоо.

Ядахад яр гэгчээр өчигдөр 2 хувиар шууд өсгөсөн мөнгөний бодлогын хүү нь одоо иргэдийн нуруунд илүү ачаа болох нь ойлгомжтой. Банкууд зээлийнхээ хүүг өсгөнө. Ингээд инфляцийн хөөрөгдлөөс үүдэлтэй байдгаа барж буй дунд, доод давхаргынхан улам хүнд ачаа үүрэхээр болж байна.

Энэ бүхэн бол Б.Лхагвасүрэн Ерөнхийлөгч бодлогодоо анхаарахаас илүүтэй дарга нартаа анхаарал хандуулсантай шууд холбоотой. Тиймээс л гавьяат эдийн засагч маань хариуцлага хүлээхгүй яваад байгаа биз. Мордохын хазгай гэгчээр тэтгэврийн зээлийг тэглэхэд л “Эрдэнэс силвер”-ийн үнэт цаасыг авч, Ерөнхийлөгч Х.Баттулгад тал засч эдийн засгаа “алж” эхэлсэн. Үүнийхээ шагналыг тэрбээр Х.Баттулыг буухаас нь өмнө хүртэж гавьяат эдийн засагч цолоор энгэрээ цоолуулсан. Дараа нь У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад нь долдигнож эдийн засгийг дэмжих 5 их наяд, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад долдигнож 10 их наяд, үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд дарга нарын “явдаг АТМ” шиг л аашилсан.

Төв банкны Ерөнхийлөгчийг огцруулчихвал улстөрчид мөнгө гэдэг эхийн сүүнээсээ хагацана. Уг нь огцорчихвол Монголын эдийн засаг “алуурчин”-аасаа хагацана. Гавьяат эдийн засагчийн гавьяагүй бодлогоос болж улс орны эдийн засаг, айл өрхүүд маш том төлөөс төлж байна. Энэ төлөөс хэзээ дуусах юм бол доо.

Г.Лхагвадорж

Харааны болон сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах АРТ ТЕРАПИ хөтөлбөрийг боловсруулж байна
Харааны болон сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах АРТ ТЕРАПИ хөтөлбөрийг боловсруулж байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.