“Яг түүн шиг 3” шоуны оролцогч, хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлсөн, “Гэрэлт гудамж” төслийг санаачлагч, Азийн топ модель, загвар өмсөгч О.Билгүүнтэй ярилцлаа.
Би Отгонбаатарын Билгүүн байна. Би ХУИС-г олон улсын хэрэглээний эдийн засагч мэргэжлээр төгссөн. Төгссөн цагаасаа эхлэн төсөл хөтөлбөрүүд дээр голчлон ажиллаж байгаад яг одоогийн байдлаар энтертайнментийн менежмент чиглэлээр өсвөр насныхан руу хандсан ажлуудыг хийж байгаа.
Ярилцлагаа таны бага насны дурсамжаас эхлүүлье. Та бага байхдаа ямар хүүхэд байсан бэ?
Би багадаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Монголын хүүхдийн ордны найрал дууны дугуйланд сурдаг, сургуулийнхаа найрал дууны хамтлагт гоцолдог байв. Улсын уралдаануудад ч амжилттай оролцдог байлаа. Ахлах ангидаа “Ирээдүйн одод” өсвөрийн дуулаачдын уралдаанд оролцон, СУИС-д элсэх эрхээр шагнуулсан.
Анх хэдэн настайгаасаа эхэлж загвар өмсөж эхэлсэн бэ?
Би анх 17 настайгаасаа эхэлж загвар өмсөж эхэлсэн. Хамгийн анх Монголын дизайнеруудын холбоонд загвар өмсдөг байлаа.Түүний дараа Монгол модель агентлагт харъяалагддаг болсон. Өнөөдрйиг хүртэл 11 жил загвар өмсөж байна.
Яагаад загвар өмсөх болсон бэ?
Мэдээж би хар багаасаа л ангидаа хамгийн өндөр хүүхэд нь байж ирсэн. 10 дугаар ангид байхдаа загвар өмсөгч Энхболдтой тааралдаад тэрээр намайг загварт оруулж байсан түүхтэй.
Хамгийн анх тайзан дээр гарч алхах тэр үеийн мэдрэмжээсээ хуваалцаач.
Багаасаа их дуулж тэмцээн уралдаанд их оролцдог байсан болохоор нүүр хагарсан байсан гэж хэлэхэд болно. Гэхдээ мэдээж өөр чиглэлээр тайзан дээр гарахад их сонирхолтой санагдаж байсан шүү
Эрэгтэй загвар өмсөгч эмэгтэй загвар өмсөгч хоёрын ялгарах зүйл нь юу вэ?
Мэдээж эмэгтэй загвар өмсөгч бол гадаад төрх алхаа гишгээ гээд эрэгтэй загвар өмсөгчөөс илүү их хүчин чармайлт шаарддаг гэж боддог. Тэр утгаараа их эрэлттэй байдаг байх. Яагаад гэвэл худалдан авалтын дийлэнхи хувийг эмэгтэйчүүд л бүрдүүлж байгаа шүү дээ. Ур чадвар зарчмын хувьд шударга, үнэн, зөв байхыг боддог.
Эрэгтэй загвар өмсөгч ямар байх ёстой вэ? Хамгийн энгийн шалгуур
Нэг дүгээрт гадаад төрх, биеийн тэгш байдал хамгийн чухал. Хоёр дугаарт эрэгтэй гэлтгүй эмэгтэй загвар өмсөгчдөд тавигдах энгийн шаардлага харилцаа, хүмүүжил байдаг.
Ирээдүйд загвар өмсөгч болохыг хүсч байгаа хүүхдүүд тэр дундаа хөвгүүдэд юуг хамгийн түрүүнд зөвлөмөөр байна.
Биеэ сайн хөгжүүлж алхаагаа сайн бэлдэх хэрэгтэй. Гадны загварын шоуны нэвтрүүлэгийг сайн үзэж толинд харж алхах хэрэгтэй . Мөн эхлээд хүсэж байгаа зүйлдээ дурла.
Загвар өмсөгчийн цалин амьдралд хэр хүрэлцээтэй байдаг вэ?
Монголын хэмжээнд загвар ч гэлтгүй урлагийн салбар тэр чигтээ хүнд. Ямар ч улсын урлагийн хүмүүс нэр хүнд нь дуусахаар хүнд хэцүү шаардлага болоод амьдрал хүлээж байдаг. Тэр утгаараа нэр хүнд хэзээ ч хэдийд ч төсөөлшгүй шалтгаанаар унах магадлал өндөр байдаг учир боломж олдсон дээрээ, нэр хүндтэй танилтай байгаа дээрээ өөрийн бизнесээ хийж өргөжүүлэн тэлж хөлжих нь нэн тэргүүнд чухал гэж үздэг.
Гэрэлт гудамжийг санаачлагч гэж сонссон. Анх энэ санаа хаанаас бий болов?
Азийн орнуудаар явж байхдаа ийм төрлийн гудамжаар явж үзээд эх оронд минь хаа сайгүй залуусын цагаа өнгөрөөдөг ийм газрууд бий болоосой гэж их боддог байсан. Гэхдээ хэн нэгэн биш бол яагаад би санаачилж хийж болохгүй гэж бодсон бодол зорилго маань зориглоход хүргэсэн. Гэхдээ би ганцаараа байгаагүй. Миний баг болон дэмжиж ажилласан бүх хүмүүс жинхэнэ бүтээгчид байсан гэж би боддог.
Цаашдаа үргэжлүүлэх бодол байгаа юу?
Мэдээж хүсэл их байдаг. Өөр өөр гудамж хийх санаа ч байна. Боломж гарвал атгаад авна.
2025 оны Билгүүн юу хийж, ямархуу амьдарч байгаасай гэж та хүсч байна
Дэлхийд гарах хүсэлтэй ч цаг нь болоогүй байвал Азид бизнес, урлагаараа гарсан байна гэдэгт итгэлтэй байна. Нэмээд улсдаа хэрэгтэй зорьж явдаг шинэ смарт хотын төслийн эхний алхмуудыг хийсэн байна гэж бодож байна даа.
Танд Монгол улсад өөрчлөлт хийх нэг боломж олговол та юу хийх вэ?
Нийслэлийг шороогүй болгож, шинэ смарт хот барина. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна. Тэгээд иргэдээ боловсролтой болгоно. Боловсролтой болбол төр ариун болно гэж.
Танд залуу үеийнхэндээ хандаж хэлэхийг хүсдэг үг байдаг уу?
Залуучууд маань хөдөлмөрч байх хэрэгтэй. Бүтээлч, зорилготой. Сүүлд нь эх орондоо байгаарай гэж хэлмээр байна. Эх орноос илүү эх орон гэж ямар ч хүнд байдаггүй юм шүү л гэж хэлье дээ.
Ярилцсанд баярлалаа.