2022 оны эхний 6 сард Монгол улс импортоор нийт 3948.1 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2021 оны мөн үетэй харьцуулахад 686.9 сая ам.доллараар буюу 21.1 хувиар өссөн байна.
Импортын өөрчлөлтийг БТКУС-ийн барааны хэсгээр авч үзвэл, хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт 87.4 сая ам.доллараар; эрдэс бүтээгдэхүүн 325.5 сая ам.доллараар; машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэгийн импорт 27.9 сая ам.доллараар; хуванцар болон түүгээр хийсэн зүйлс; хаймар болон түүгээр хийсэн зүйлсийн импорт 45.6 сая ам.доллараар зэрэг 16 хэсгийн барааны импорт өссөн байна. Бусад 5 хэсгийн барааны импорт буурсан байна. Үүнд, ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт 49.7 сая ам.доллараар; авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, ангийн импорт 87.1 сая ам.доллараар тус тус буурчээ.
Эрдэс бүтээгдэхүүний импортын 87.3 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна. Нефтийн бүтээгдэхүүний импортын биет хэмжээ 29.8 мян.тонноор , үнийн дүн нь 306.5 сая ам.доллараартус тус өссөн байна. 1 тонны импортын хилийн дундаж үнэ 549.9 ам.доллараас 885.2 ам.доллар болж өссөн байна. Үүнд, автобензины импортын дундаж үнэ 562.6 ам.доллараас 830.4 ам.доллар хүртэл өсчээ. Дизель түлшний импорт биет хэмжээ 60.5 мян.тонноор буурч, үнийн дүн 131.4 сая ам.доллараар, дундаж үнэ нь 367.4 ам.доллараар тус тус өссөн байна.