“Эрдэнэт" үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирлаар МАН-ын Нарийн бичгийн дарга асан Ц.Бат-Энхийг томилж байлаа. Энэ бол өдийгөөс бараг нэг жилийн шахуу өмнөх үйл явдал.
Ц.Бат-Энхийн хувьд нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дэд дарга, Зам, тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, "Эрдэнэт"үйлдвэрийн Ерөнхий захирлын орлогч, МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэгэн. Эл намтараас нь харвал, төрийн албаны чамлахааргүй туршлагатай, улстөрийн амбиц өндөртэй гэж харагдахаар. Гэвч хувь хүн талаасаа ЭГО-гоо барьж дийлдэггүй нөхөр бололтой. Учир нь Монгол Улсад цар тахал эрчимтэй тархаж байх үед гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлаж, үзлэг оношлогоо хийх шийдвэрийг УОК-оос гаргаж байсан. Яг энэ үед нь буюу 2020 онд Ц.Бат-Энх БНСУ-аас Японоор дамжин эх орондоо ирсэн байдаг. Гэтэл УОК-ийн шийдвэрийг эсэргүүцэж, элдвээр аягалсан нь тухайн үедээ иргэдийн дургүйцлийг ихээхэн төрүүлж байлаа. Түүний эл хариуцлагагүй үйлдэл намын даргын түвшинд хүрч, МАН-ын генсек Д.Амарбаясгалан УОК-ын шийдвэрийг эсэргүүцсэн гэдэг үндэслэлээр нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан гэдэг. Асуудал ингээд дуусаагүй. УИХ-ын ээлжит сонгуульд Орхон аймгаас нэр дэвших боломжоо алдахад дээрх асуудал багагүй нэмэр болсон гэлцдэг юм билээ.
Тэгвэл ЭГО-гоо барьж дийлдэггүй Ц.Бат-Энх дахиад л дуулиан тарьжээ.
Тодруулбал, тэрбээр хэдхэн хоногийн өмнө Туркийн нислэгийн үеэр зорчигчдын дургүйцлийг ихээхэн төрүүлжээ. Онгоцны үйлчлүүлэгчээр дамжуулан бизнес ангиллын 1, 2 дугаар эгнээний зорчигчдыг босгож, өөрөө сууя гэх ухааны хандлага гаргасан талаар эх сурвалж мэдээлэв. Нэгэнт мөнгөө төлөөд суудлаа эзэлсэн хүмүүс түүнд суудлаа өгөхөөс татгалзжээ. Түүнд эгдүүцсэн Ц.Бат-Энх онгоцны 3, 4 эгнээний суудал дээр дамнан унтсан байна.
Улс орон даяар Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж байгаа. Эдийн засаг хямарч, улсын төсөв улайсан энэ цаг үед хүүхдэд өгдөг хэдэн төгрөгөө хүртэл наашаа нэг харж инээн, цааш нэг харж уйлан байж олгож буй. Гэтэл Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн дарга нар нь гадаад, дотоодод ажил нэртэй онгоцоор “зугаалж” явна. Түүгээр ч зогсохгүй хоёрын хоёр суудал эзэлж, хүзүү сээрээ амраах нь гайхамшигтай.
Ташрамд дурдахад, Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн, санхүү хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа нар Дубайн хамгийн өндөр үнэтэй зочид буудалд тухалж, тансагласан. Улаанбаатар хотод гэртээ мөртлөө зочид буудалд байрлана гэж томилолтын зардал авдаг гэх мэдээллийг сэтгүүлчид задалж байсан. Энэ мэт мэдээллээс үзвэл, Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн дарга нарын тансаглал одоо ч дуусаагүй юм байна. Тэр дундаа Төрийн хэмнэлтийн хууль батлагдаад ч хурган дарга нарын ЭГО-г хага дарж чадахгүй нь. Хэмнэлтийн хуулийг хэн мөрдөх вэ. Ерөнхий сайдаа.