АН-ын гишүүн, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан лайв хийж улс төрийн зарим асуудлаар байр суурь илэрхийлэв. Тэр С.Эрдэнэ талын АН-аас зохион байгуулах намын даргын өрсөлдөөнд оролцох. Цаашлаад намын дарга болох тохироог нам дотроо хийсэн гэх мэдээлэл бий.
Тэгвэл өчигдөр тэрбээр, нэгэнт “гэрэл цохисон” учраас олны өмнө ил гарч “өмнөтгөл” маягийн улс төрийн мэдэгдэл толилуулав. Тэрбээр, ясны улстөрч. Тиймээс хаана, хэзээ, хэрхэн далд тойруугаар өөрийн санаагаа илэрхийлэхээ хамгийн сайн мэддэг. Түүний хийсэн 1 цаг 40 минут орчмын лайваас товчхондоо Ардчилсан намын нэгдэл, Ардчилсан намын сэргэлт гэх ганцхан мессежийг л олж харлаа. Мэдээж энэ сэдвийг дагасан нэмэлт, хачир. Бусад “довтолгоонууд” ч өрнөв.
Ингээд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн улс төрийн байр суурьтай холбоотой зарим агуулгуудыг тус тусад нь товчхон өгүүлье.
НЭГ, Ардчилсан намын нэгдэл буюу 2024 он гэхэд сэргэсэн байх ёстой Ардчилсан нам
Экс Ерөнхийлөгч лайваа эхлүүлэхдээ л намынхаа талаар ярив. Цаг гаруй үргэлжилсэн түүний ярианаас ерөөсөө намаа яаж нэгтгэх үү. АН-ыг хэрхэн шинэчилж, дараагийн сонгуулиар Ардын намын өөдөөс хүчтэй өрсөлдөгч болох уу гэдэг санаа нэвт “үнэртэв”. Тэрбээр, өнгөрсөн хугацаанд өөрөө болон өрөөл бусад намын гишүүд нь алдаж ирсэн талаар дахин дахин өгүүлж, бас уучлал гуйв. Угаас ойрын өдрүүдэд хайлсан тугалга шиг яваа түүний цаад санаа их улс төрийг эхлүүлэхдээ аль болон цөөн “дайсан” хураах. Цаашлаад учраа олохгүй яваа намын гишүүддээ болон Х.Баттулгыг дагаж байгаад буцаж чадахгүй яваа төлөөллүүдийг уран үг, найрсаг бодлогоороо эргүүлэх дуудахаар зорьж буй нь ойлгомжтой. Мөн тэрбээр, АН-аа бодлогын түвшинд шинэчлэх хэд хэдэн санааг дэвшүүлж, төлөөллийн ардчиллыг нам дотроо улам бэхжүүлнэ хэмээн намын жирийн гишүүдээ уяраав.
ХОЁР, Ц.Элбэгдорж даргын өрсөлдөөнд орохын тулд АН-ын бүлэгтэй ойлголцсон бөгөөд бие даагч Н.Алтанхуягт хүртэл тал засав
Энэ хэсэг бол маш сонирхолтой хэсэг. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АН-ын бүлгийг хэрхэн ойлголцуулж буйгаа. Бүлгийн гишүүдтэй хэрхэн тохиролцож буй талаараа өчигдөр ам нээв. Тодруулбал, “АН-ын бүлэг 11 гишүүнтэй. Хоёр удаа сонгогдсон Д.Ганбат, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Д.Бат-Эрдэнэ гишүүд байна. Энэ гишүүдтэй яаж уялдуулж ажиллах вэ. Н.Ганибал, О.Цогтгэрэл гээд улаан гэгдэг байсан аймаг, сумдаа цэнхэртүүлээд гараад ирсэн мундаг гишүүд байна. Аймаг, сумандаа яаж ажиллаж болдог гэдгийг харуулчихсан хүмүүс байна. Энэ хүмүүстэйгээ ойрхон ажиллах боломж байна. Энэ хүмүүсийг хөөдөг, хасдаг биш ойлголцдог байх хэрэгтэй. Н.Алтанхуягийг гэхэд л сая хавчуулгад хийгээд явуулчих шахлаа. Ийм шударга ёс гэж байдаг юм уу...” гэв. Энэ үгээрээ АН-ын бүлэгтэй Ц.Элбэгдорж аль хүртэл нь тохирч, ойлголцсон бэ гэдгийг өлхөн ойлгож болно. Д.Ганбат, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Д.Бат-Эрдэнэ дөрөв бол угаасаа л С.Эрдэнэ, Ц.Элбэгдоржийн талд байсаар ирсэн. Харин Н.Ганибал, О.Цогтгэрэл гэх Х.Баттулга талд өнгөрсөн хоёр жил гүйсэн нөхдүүдтэй хүртэл тэр ойлголцсон бололтой. Үгүйдээ гэхэд “эвийн гэрээ” санал болголоо гэж харах нь зөв. Н.Ганибалын нэр дурдагдаж байгаа нөхцөлд Ж.Батсуурьтай ч гэсэн тохирсон гэж ойлгох хэрэгтэй. Ингээд цаана нь ганцхан сонгуулийн “настай” улс төрийн карьеертай Ш.Адьшаа, А.Адъяасүрэн, Ц.Туваан, Б.Бейсен гэх Х.Баттулгын замаар “шороо” тээсэн дөрвөн нөхөр үлдэв. Магад тэд олонхоо дагаад Ц.Элбэгдоржийг түшмээр аядаад, сонгуулийн үеэр “арчигдах” биз. Тэр бүлгээ хүртэл “базжээ”. Ер нь бол албан бус бүлгийн дарга Н.Алтанхуяг өчигдөр хэлсэн экс Ерөнхийлөгчийн “хадаг яндар”-ыг хүлээгээд авчихвал АН-ын бүлэг бүхэлдээ Ц.Элбэгдоржийн талд гарна гэсэн үг. Сануулахад, өнгөрсөн долоо хоногт "Ам нээвэл" нэвтрүүлэгт орох үеэрээ мөн Н.Алтанхуягаас гүтгэсэндээ уучлал гуйж байв.
ГУРАВ, Х.Баттулгатай холбоотой тэр юу хэлэв
Тэр жил сэтгүүлчидтэй уулзахдаа Х.Баттулгын нэрийг 79 удаа хэлж байлаа. Өчигдөр харин нэрийг нь хэлэхгүйгээр ТОДОРХОЙЛОЛТЫГ нь хэд хэдэн өгүүлэв. АН-ыг түүнд өгөх нь Орост Ардчилсан намаа өгч буй гэсэн үг. Мөн түүнийг улс төрөөс бүр мөсөн гарах ёстой гэдэг байр сууриа дахин хэлсэн. Гэхдээ энэ удаад Х.Баттулга гэдэг нэрийг огт ашигласангүй. Энэ хүнийг намын даргаар сонгож орхивол монголчууд гуравдагч орнуудын хилийн хоригт орно гэдгийг ч дурдаад амжлаа. Эцэст нь Х.Баттулгын талынхан Дээд шүүх намын даргаар бүртгэж авахгүй гэвэл жагсаал, тэмцэл хийнэ гэж байсныг буруутгаад дуусгав. Ерөнхийдөө өчигдөр өнгөрсөнд бий болсон “дайсантайгаа” дайтах биш. Ирээдүйд Ц.Элбэгдорж гэдэг хүн ямар улс төр “зурж” суугаа талаараа л илүүтэй ярилаа.
ДӨРӨВ, 2024 оны сонгууль
Ц.Элбэгдоржийн ихэд фокуслаж ярьж байсан өнцөг бол дараагийн сонгууль. Учир нь энэ үгийн цаана улс төрийн бүх бодлого нь явна. Мөн АН-ын гишүүд дараагийн сонгуульд амжилт гаргах магадлалтай гэж үзвэл Ц.Элбэгдорж тал руу хүссэн хүсээгүй ирнэ. Дээрээс нь Ц.Элбэгдоржид байгаа хамгийн том давуу тал бол намын албан ёсны бичиг баримт, тамга тэмдэг. Одоогоор түүнийх болоогүй ч түүний талынхны ширээний нүдэнд “хэвтэж” эд юмс. Тэрбээр, 2024 оны дараа байгуулагдах ЗГ, УИХ эдийн засгийн болон геополитикийн маш хүнд асуудалтай нүүр тулна. Учрыг нь би олно. Олон улстай харилцах чадвараараа би хоёр хөрш, гуравдагч орнуудтай ойлголцоно гэх агуулгыг хэлж өнгөрсөн хугацаанд барьж ирсэн гадаад бодлогын, олон улсын улс төрөө ярьж томров. Мөн Ардчилсан нам сонгуульд ялбал татвар нэмэхгүй. Төсвийг үр ашигтай болгох талаар бодлого дэвшүүлж ажиллах ёстой гэх зэргээр намын даргын хувиар сонгуульд орвол барих зарим бодлогынхоо зах зухаас хэлэв бололтой.
ТАВ, Ц.Элбэгдоржийг намын залуус нь дуудсан нь...
Ц.Элбэгдоржийг намын даргад өрсөлдөхөөр тайзнаа гарч ирэхэд зарим нөхдүүд “Ерөнхийлөгч байсан хүмүүс улс төрөөс бүр явсангүй” гэж шүүмжилнэ. Х.Баттулга талынхан ч ингэж харлуулна. Тэгвэл экс Ерөнхийлөгч улстөрд, АН-даа эргэн ирэх гэж буй талаараа “Залуу үедээ зайгаа тавьж өг гэсэн. Зайгаа тавьж өгсөн. Одоо араас нь ирээч ээ гээд битгий дуудаад бай. Буруу хүн намын дарга болох гэж байна ирээд тэмц гэхийн оронд өөрсдөө тэмц” гэв. Ерөнхийдөө улс төрдөө эргэж ирэх гэж буй шалтгаанаа намын нөхөд минь дуудлаа гэх уран гоё үгээр ирэх өдрүүдэд тайлбарлах нь ойлгомжтой боллоо. Өнгөрсөн хугацаанд АН-ыг хоёр тийш нь чангааж байсан Х.Баттулга эхлээд бодитойгоор “тайзнаа” гарсан бол одоо Ц.Элбэгдоржийн ээлж ирлээ.
Энэ мэт маш том улс төрийн өмнөтгөл болсон үг хэл, агуулгыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр үзүүлэв. Тэрбээр, мөн төвийг сахих болон гадаад бодлого, Үндсэн хуулийн өөрчлөлт, улс төрийн намын хууль, дэлхийн монголчууд гэх олон сонирхолтой сэдвээр байр суурь илэрхийлсэн. Гэхдээ эдгээр сэдвүүд нь улс төр, АН-ын даргын өрсөлдөөнд орох гэж буй үйл явдлын дагавар магнай байсан тул энэ удаад дурдаад өнгөрье.
Ямар ч байсан Ц.Элбэгдорж АН-ын даргын дүрээр Монголын улс төрд эргэн ирэлт нь хийх нь нэгэнт тодорхой болж буй бололтой. Түүнийг ирсэн цагт АН ч, улс төр ч утгаараа буцална.
Г.Лхагвадорж