Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амгалан: Төрийн банк эрх мэдэлтэй албан тушаалтай хүмүүсийн мөнгө угаах хэрэгсэл болсон байна

Огноо
Унших
8 минут 20 секунд

2021 онд Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор системийн нөлөө бүхий таван банк энэ оны зургаадугаар сарын 30-ны өдөр гэхэд IPO гаргасан байх шаардлага бий болсон. Харин ОУВС-гаас банкуудын IPO гаргах хугацааг хойшлуулах зөвлөмжийг өгч, улмаар уг саналыг Ерөнхий сайдад хүргүүлээд байгаа юм. Тиймээс банкуудын IPO гаргахтай холбоотойгоор эдийн засагч Д.Амгалантай ярилцлаа.

-Банкууд IPO гаргахын тулд ямар шалгуур хангасан байх ёстой байдаг вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Банкууд хөрөнгийн зах зээл дээр нээлттэй хувьцаат компани болж байна гэсэн үг. Нээлттэй болж байна гэдэг нь бүх санхүүгийн хөдөлгөөн буюу татан төвлөрүүлж буй хөрөнгө, түүнийг хаана хэрхэн яаж байршуулсан нь ил болно гэж ойлгож болно. Ингэж байж брокер болон андеррайтер компани, хөрөнгийн биржүүд дүн шинжилгээ хийж олон нийтэд хувьцаагаа зарлах боломж бүрдэх юм. Банкуудын санхүүгийн хөдөлгөөн, үйл ажиллагаа нь ил тод, олон нийтэд нээлттэй болж хөрөнгө оруулагч нар оролцох боломж мөн бүрдэж байна.

-Банкуудын IPO гаргах ажил хойшлогдох асуудал яригдаж байгаа шүү дээ. ОУВС болон Сангийн яамнаас энэ асуудлыг хөндөж байна. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Манай улсын санхүүгийн зах зээл нь алт, валют, мөнгө, үнэт цаасны зах зээл гэх энэ дөрвөн тулгуур зах зээлтэй. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд санхүүгийн зах зээл дээр мөнгөний зах зээл буюу банкны үйл ажиллагаа идэвхтэй явж ирсэн. Санхүүгийн зах зээлийн бусад эд эсүүд хөгжихгүй байгаа шалтгаан нь банкуудын мөнгө төвтэй монополь зах зээл ноёрхож байгаатай холбоотой. Нийт санхүүгийн зах зээл дээр оролцож буй хүмүүсийн 95 хувь нь банкаар харилцаж байна.

Харин гадны улс орнуудад үнэт цаасны зах зээлд 95 хувь нь оролцож, тэндээсээ санхүүгийн эх үүсвэр босгон хөрөнгө оруулалт хийж ажилладаг. Энэ нь манай улсад эсрэгээрээ банканд мөнгө хадгалуулж, буцаагаад банкнаас зээл авна гэдэг утгаар санхүүгийн зах зээлийг ойлгож энэ хэмжээнд харилцаа явж ирсэн. Үүнээс болж Монголд санхүүгийн зах зээл хөгжихгүй банк төвтэй байдаг.

Банкны үйл ажиллагаа бага зэрэг гажуудаад ирэхээр санхүүгийн сектор тэр чигтээ доргилтод орж, хүндрэлүүд үүсдэг.

Миний харж байгаагаар банкны IPO хийх асуудал харьцангуй оройтож ирж байгаа. Өнөөдрийн бидний ойлголт, үйл ажиллагааны цар хүрээ зөвхөн банкны хүрээнд харилцсаар ирсэн.

-Банк IPO хийснээр ямар ач холбогдолтой вэ?

-Ингэснээр бусад санхүүгийн зах зээлийн хөгжих боломж бүрдэнэ. Банкууд хувьцаат болсноор зөвхөн зээл хадгаламж хэлбэрээр мөнгө байршуулж, зээл болгон гаргадаг процессоос сална. Мөн иргэд санхүүгийн зах зээл дээр хөрөнгө оруулалт хийж, дайчилдаг болно. Өнөөгийн санхүүгийн эх үүсвэрийн хомстол, үнийн өсөлттэй байдалд эерэгээр нөлөөлнө.

ААН, байгууллагуудад мөнгө олдохгүй, зээлийн хүү өндөр байгаа нь тулгамдаж буй хамгийн гол асуудал болчхоод байгаа. Банкууд нь цөөн хэдэн хадгаламж эзэмшигчдийн хадгаламжийн мөнгийг нөгөө хэсэгт нь зээл хэлбэрээр олгож дундаас нь ашиг олж амьдардаг байгууллага.

Төрийн зүгээс IPO хийх сонирхолгүй удаашруулж байгаа нь төр засгийн үйл ажиллагаа алдаатай байгаагийн илрэл. Жишээлбэл, Хөгжлийн банкны асуудлаас улбаатай дараа дараагийн асуудлууд гарахыг үгүйсгэхгүй. Банкуудыг хувьцаат компани болгох асуудлыг хойшлуулах нь Хөгжлийн банктай ижил асуудалтай байхыг үгүйсгэх аргагүй. Тиймээс IPO хийж олон түмэнд нээлттэй болох хэрэгтэй.

ОУВС хойшлуулах санал гаргасан гэж байгаа. Манай улс ОУВС-гийн дохиураар нааш цааш хөдлөх ёсгүй. Бид өөрсдөө санхүүгийн төлөвлөгөө болон нөөц боломжоо мэдэж байж бодлого хөтөлбөрөө боловсруулдаг байтал хөндлөнгийн нөхдүүдийн хэлснээр хойшлуулбал учир дутагдалтай.

-Төрийн банк IPO гаргаснаар бусад банкнаас ялгарах зүйл бий юу?

-Төрийн банкны гол онцлог нь Монгол Улсад экспортыг дэмжих, импортыг орлох бараа бүтээгдэхүүн рүү чиглэсэн ААН, үйлдвэрлэлүүдийг дэмжих, суурь эдийн засгийг чиглүүлэх ёстой.

Гэтэл манай Төрийн банк энэ зорилгоосоо хазайж, эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүсийн мөнгө угаах хэрэгсэл болсон байна.

Тиймээс Төрийн банк үүргээ хэрэгжүүлээгүй. Хуулийн хүрээн дэх мөнгө угаадаг хэрэгсэл нь болчихсон байна.

-Банкуудын хувьцааг авсан хөрөнгө оруулагч нарт ямар ашигтай байх вэ?

-Системийн банкууд 500 тэрбумын ашигтай ажилласан байсан. Энэ өгөөжийг хэсэг бүлэг хүмүүс буюу хадгаламжтай хүмүүс хүртэж эдлэх бус нийтэд хүртээмжтэй болно. Хувьцаа авч хөрөнгө оруулалт хийснээр үр өгөөжөө хүртэх болно.

Банкаар дамжиж буй маш олон гэмт хэргийн чанартай үйл ажиллагаанууд IPO хийснээр үгүй болно. Төрийн мөнгийг банканд төвлөрүүлж байгаад голоос нь хэн нэгэн эрх мэдэлтэй хүн хулгай хийж ашиг олдог асуудал байхгүй болно. Мөн гадаад хөрөнгө оруулалтууд банкаар дамжиж алга болдог маш аймшигтай процесс бий. Энэ мөн адил үгүй болж, банкны үйл ажиллагаа нээлттэй, шилэн болно.

Банкны IPO-г хурдан хийлээ гээд хохирол гарахгүй. Магадгүй санхүүгийн зах зээл, банкны үйл ажиллагааны хөгжлийг 10 жилээр урагшлуулах боломж бүрдэж байхад 30 жил ухраах зүйл рүү зүтгүүлж болохгүй.

-Монголын хөрөнгийн бирж дээр 5.1 их наяд төгрөгийн гүйлгээ хийгддэг. Банкууд орж ирснээр 10 их наядад хүрэх төсөөлөлтэй байгаа шүү дээ. Энэхүү ачааллыг Монголын хөрөнгийн бирж даах боломжтой юу?

-Хөрөнгийн бирж хууль эрх зүйн хүрээнд хяналт тавих үүрэг гүйцэтгэнэ. Даацыг даахгүй гэсэн ойлголт байхгүй. Энэ ачааллыг зохицуулдаг дижитал технологиуд хөгжсөн байгаа. Үүнийг дагаад бусад зуучлагч компаниуд олноор бий болсон. Тиймээс даацын асуудал үүсэхгүй. Хөрөнгийн зах зээл Монголд хөгжихгүй байгаа шалтгаан нь оролцогч байхгүйгээс болж байгаа. Оролцогч гэдэг нь иргэн, ААН бусад субъектуудыг хэлж байгаа юм. Үүнд оролцох боломж зөвхөн банкан дээр хаагдаж байгаа.

-Банкууд IPO хийхдээ гадаадын хөрөнгө оруулагч нараас хөрөнгө татах боломжтой юу?

-Гадна дотнын хэн ч оролцож болно. Дотоод болон гадаадын санхүүгийн зах зээл дээр сул чөлөөтэй байгаа мөнгө хувьцаа хэлбэрээр хөрөнгө оруулалт болж очно. Тэрхүү мөнгийг захиран зарцуулахдаа хувьцаа эзэмшиж буй бүх хүмүүсийн хяналт дор менежмент хийнэ. Ганцхан хүн өөрийнхөө өмчийг захиран зарцуулах нь тухайн хүний хувийн асуудал. Харин олон хүн оролцвол түүнд олон талаас хяналт тавина. Энэ бол зөв менежментээр явах нөхцлийг бий болгож байна.

- Ярилцсанд баярлалаа.

Хонгконг руу долоо хоног бүр тогтмол ШУУД нислэг үйлдэнэ
Хонгконг руу долоо хоног бүр тогтмол ШУУД нислэг үйлдэнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.