Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг өргөн барьжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу төрийн болон орон нутгийн өмчит компаниас гадна аж ахуйн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн тооцоот, эсхүл төсөвт төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар хэлбэртэй хуулийн этгээд байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулдаг болсон нь хуулийн этгээдийн засаглал ойлгомжгүй, төрийн болон орон нутгийн өмч үнэгүйдэх, алдагдалд орох, төр болон орон нутаг үзэмжээрээ аж ахуй эрхлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Түүнчлэн эдгээр үйлдвэрийн газрыг зохицуулах эрх зүйн зохицуулалт тодорхойгүй байгааг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлага үүссэн.
Тус хуулийн төсөл батлагдсанаар дараах үр дагавар бий болно гэж үзжээ. Үүнд:
-Төр нь эдийн засгийн харилцаанд зохицуулагчийн хувиар оролцох Үндсэн хуулийн үзэл санаа болон ардчилсан дэглэм бүхий зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой улс орнуудад нийтлэг мөрддөг “төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх” зарчим хууль тогтоомжид тусгалаа олж бодитойгоор хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
-Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой томоохон төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшилтэй тэгш нөхцөл, ижил дүрмээр аж ахуй эрхлэх замаар баялгийг бий болгох, баялгийг оновчтойгоор дахин хуваарилах тогтолцоог бий болгох суурь нөхцөл бүрэлдэнэ.
-Төр үйлдвэрлэл эрхлэгчийн хувиар бус мэргэшлийн түвшинд хөрөнгө оруулах замаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг бүрдүүлснээр төрийн аж ахуй эрхлэлтийн арга механизм тодорхой болно.
-Үйлдвэрлэлийн тодорхой салбарт хутгалдан орж өрсөлдөөнийг хязгаарлах, алдагдал учрах бизнесийн эрсдэлээс зайлсхийх боломж олгоно.
-Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн засаглал мэргэжлийн чадварлаг болох, улс төрөөс хараат бус байх, хариуцлагажуулах нөхцөл бүрдэнэ.
-Төрийн өмчит компанийн засаглал гэх тогтсон тодорхой загвар байж болох хэдий ч түүнийг бүтээх гол үндэслэл нь төр түүний хувьцааг эзэмшиж байгаа явдал гэдгийг ойлгож, тэрхүү хувьцааг олж авах, захиран зарцуулах, хувьцаанд ногдох эрхийг хэрэгжүүлэх механизмыг зөв тогтооход хуулийн төсөл чиглэнэ. Энэ ч агуулгаар төр хувьцааг тооцоо, судалгааны үндсэн дээр тодорхой салбарт эзэмших, хувьцаа эзэмшигчийн ямар эрхээ аль байгууллагаар дамжуулж хэрэгжүүлэх хуваарилалт, хариуцлагын эргэх холбоо, тайлагнал, хариуцлага, ил тод байдлыг хангах механизмыг энэ хуулийн төсөл бүрдүүлэх юм.
-Иргэний хууль дахь хуулийн этгээдийн хэлбэрийг зөрчиж байгуулсан төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн статусыг нэг мөр болгоно.
-Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн засаглал сайжирч, эдгээр хуулийн этгээдийн ашигт ажиллагаа нэмэгдэх, төр, орон нутаг ил тод, хариуцлагатай бизнес эрхлэх нөхцөл бүрдэнэ.
Хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/174 дугаартай тушаалаар байгуулсан ажлын хэсэг боловсруулсан бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг байгууллагын төлөөлөл орсон болно гэжээ.