Эдийн засагч Б.Осоргарав Оюутолгойн уурхайг түшиглэсэн хот байгуулж, "Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээнд цөлжилтийг бууруулах уриалгыг дэвшүүлж буйгаа олон нийтэд мэдээллээ. Тэрбээр "Богд уулын аманд хэдэн мод тарьснаар Тэрбум мод хөтөлбөрийг хэрэгжүүлэх бус улс орныхоо цөлжилтийг багасгаж, газар нутгийг ойжуулах нь чухал. Тиймээс мод тарих ажлыг Дорноговь аймгаас эхлүүлж Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговийн хойд хэсэг, Өвөрхангай, Баянхонгор болон Говь-Алтай аймгийн өмнөд хэсгээр хэрэгжүүлэх боломжтой.
Ялангуяа говийн цөлжилтийг бууруулахад хувь нэмрээ оруулахад анхаарах хэрэгтэй. Элсэн цөл байсан газарт алдарт Дубай хотыг сүндэрлүүлж, дэлхийн ард түмэн аялах дуртай газраар тодроод байна.
Монгол Улс ч эрдэнэс баялаг байгаа газар дээрээ үндэслэн шинэ ногоон хот байгуулах боломжтой" гэлээ. Харин Оюутолгойн уурхайг түшиглэсэн хот байгуулах талаар "Эрдэнэт хотын жишгээр Оюутолгойг түшиглэсэн хот байгуулъя. Эрдэнэт хотын баялагт түшиглээд Оросын ард түмэн тухайн хотыг байгуулахад тусалж байсан. Одоо 100 гаруй мянган хүн амтай сайхан хот болсон.
Үүний жишгээр Оюутолгойн уурхайг түшиглээд Ханбогд суманд шинэ хот байгуулах боломж бүрэн бий.
Өнөөдөр тус уурхайд хүйтэн нөхцөлд өдөр шөнөгүй ажилладаг цөөнгүй хүн бий. Тэд гэр бүл, үр хүүхдээсээ хол олон хоног ажиллаж байгаад сэтгэл зовж байна. Тиймээс шинэ хот байгуулах уриалгыг дэвшүүлж байна" хэмээлээ.