Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГИШҮҮДИЙН ШААРДЛАГА: Электрон тамхинд онцгой албан татвар ногдуулах хуулийн төслийг ЯАРАВЧЛУУЛ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 57 секунд

Сүүлийн үед электрон тамхины хэрэглээ ихэсч, хэрэглэгч нь залуужиж байгаа нь олон нийтийн санааг зовоож буй асуудлын нэг болоод буй. Учир нь уг тамхийг хэрэглэгчийн дийлэнх нь өсвөр насны сурагчид байгаа юм. Тиймээс халаах болон ууршуулах технологи бүхий электрон төхөөрөмжийн тусламжтайгаар хэрэглэгддэг тамхи, никотин агуулсан шингэн тамхины импорт, үйлдвэрлэлийг хуулийн зохицуулалт, стандарттай болгож, онцгой албан татвар ногдуулах шаардлага үүсч, онцгой албан татвар ногдуулах хуулийн төслийг боловсруулж буй. Уг төслөө яаралтай УИХ-аар хэлэлцүүлэхийг УИХ-ын зарим гишүүд шаардлаа.

Тодруулбал, НББХ-ны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Импортоор орж ирж буй электрон тамхинд онцгой албан татвар ногдуулах шаардлагатай байна. Электрон тамхины сөрөг нөлөөлөл ихсэх тусам эргээд төсөвт ирэх дарамт нэмэгдэнэ. Энэ асуудлыг Эрүүл мэндийн яам, Сангийн яам анхааралдаа авч ажил болгомоор байна" гэх байр сууриа илэрхийлсэн.

Мөн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг "Электрон тамхины асуудалд УИХ-ын гишүүд их ач холбогдол өгч байгаа. Учир нь электрон тамхи хүүхдүүдийг маш их хордуулж байгаа. Ялангуяа сургуулийн орчинд, ер нь хаа сайгүй электрон тамхийг хэрэглэж байна. Дэлхий нийт электрон тамхины хор уршгийг зарлаад хориглож байна. Тэгэхээр манайх хориглож чадахгүй юмаа гэхэд онцгой татвар тавих тал дээр анхаарч ажиллах шаардлагатай. Хуулийн төслөө яаралтай оруулж ирэх шаардлагатай байна" гэв.

Гэтэл гадуур янжуур тамхи 70 хувь, электрон тамхи 5 хувь хордуулна гэсэн сурталчилгаа маягаар самбар тавьчихсан байна. Электрон тамхи ч ялгаагүй хүүхэд багачуудыг хордуулж байна" хэмээн шаардсан юм.

Харин уг асуултад Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг "Импортоор орж ирж буй тансаг хэрэглээ болон электрон тамхинд татвар ногдуулах хуулийн төсөл бэлэн болсон байгаа. Гэхдээ энэ асуудлыг төсвийн тодотголоос тусад нь УИХ, ЗГ-т оруулж ирж, ирэх оны төсөвтэй уялдуулан цогц байдлаар оруулж ирэхээр бэлтгэлээ хангаж байна" гэх хариултыг өгсөн юм.

Хуулийн төсөлд, онцгой албан татвар ногдуулах бүтээгдэхүүнд халаадаг болон электрон тамхийг нэмж оруулан, халаадаг тамхинд онцгой албан татвар ногдуулах биет нэгжийг 100 ширхгээр, электрон тамхинд онцгой албан татвар ногдуулах биет нэгжийг 10 миллиграммаар тус тус тогтоож, онцгой албан татварын хэмжээг 3,180 болон 1,000 төгрөгөөр тогтоосон. Онцгой албан татварыг ийнхүү тогтоосноор халаадаг тамхинаас жилд 1.9 тэрбум, электрон тамхинаас жилд 288 сая төгрөгийн орлого олох боломжтой гэж урьдчилан тооцоолол гараад буй.

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуультай холбогдуулан “халаадаг тамхи”, “электрон тамхи”, “тамхи” гэсэн нэр томьёог шинээр тодорхойлон Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулахаар холбогдох хуулийн төслийг боловсруулжээ. Уг нэмэлтээр “тамхи” гэсэн нэр томьёонд “утаат тамхи”, “халаадаг тамхи”, “электрон тамхи” аль аль нь хамаарах бөгөөд энэхүү өөрчлөлтийн үр дүнд халаадаг болон электрон тамхины импорт, үйлдвэрлэл, худалдаа хуулийн зохицуулалт, стандарттай болох юм.

Улаанбаатарт 13 хэм дулаан байна
Улаанбаатарт 13 хэм дулаан байна
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.