Төсвийн тодотголыг УИХ руу оруулахын даваан дээр эрх баригчид санал зөрөлдөв. Эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж шалтгаалж хэмнэлтийн горимд шилжихийг УИХ хамгийн түрүүнд уриалсан. Улмаар Ерөнхийлөгчөөс өгсөн үүрэг чиглэлийн дагуу өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүдээс “амтай” болгон л төсөвт тодотгол хийх хэрэгтэй гэж Засгийн газрыг шахсан.
“Сайдуудын хангамж, машин унааг хөндөхгүй атлаа гишүүдийн тойргын хөрөнгө оруулалт руу дайрлаа”
Засгийн газар ч уг саналыг нь “заналтайгаар” хүлээж аваад тодотголын үндсэн концепцоо өчигдөр “бүдүүн” бүлэгтээ танилцуулав.
Харамсалтай нь тойргоос нь эхлээд УИХ, гишүүдтэй хамааралтай төсвийн хөрөнгө оруулалтууд, бүтээн байгуулалтын төсвүүдийн бараг талыг нь танахаар оруулж ирсэн тодотголд гишүүд тун ёозгүй хандсан талаар эх сурвалж мэдээлэв. Тодруулбал, энэ жил 1 их наядын хөрөнгө оруулалт хийхээр 2022 оны төсөвт суусан. Засгийн газар тодотголоороо уг хөрөнгө оруулалтаас 520 тэрбум төгрөгийг нь “цавчихаар” төсөл оруулж иржээ. Хөрөнгө оруулалтын яг тал нь хасагдах тул гишүүдийн “махаа” идэж байж төсөвт суулгасан тойргынх нь ажлуудыг яг тал хувийг нь хасна гэсэн үг. Үүнээс үүдэлтэй тодотгол дээр санал зөрөлдөж, улмаар Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцааж олгох тэргүүтэй Засгийн газрын саналуудыг бүлэг дээрээ “унагав”.
Үүнийгээ МАН-ын бүлгийн гишүүд “чадан ядан бүрдүүлж буй даатгалын тогтолцоогоо халамжаар татаж унагаж болохгүй” хэмээн хатуухан шүүмжлээд авчээ. Мөн бүлгийн хурлын үеэр төсвийн тодотгол, хэмнэлтийн горимтой холбоотой яригдсан өөр нэг ньюанстай асуудал нь сайд нарын хангамж, унаа тэрэгний асуудал хөдлөхгүй атлаа УИХ-ын гишүүдийн машин, УИХ-д харьяалагддаг албан хаагчдын цалин хөлсийг бууруулах нь шударга бус. Төрийн гол ажлыг нугалдаг хүмүүсийнхээ цалин цавууны асуудлыг шууд хөндөж болохгүй. Энэ хүнд цаг үед иргэдийг цалинтай орлоготой байх тал дээр анхаарах ёстой гэх байр суурийг гишүүд илэрхийлжээ.
Ийнхүү хэмнэлтийг гол агуулгаа болгосон Засгийн газрын төсвийн тодотголыг бүлгийн гишүүд нь нэг талдаа баахан шүүмжлэв. Нөгөө талдаа “Туулын мөсийг долоох шахан байж" тойрогтоо татсан хөрөнгө оруулалтынх нь талыг нь үгүй хийхэд гишүүд туйлын бухимдалтай хандацгаав. Ер нь Засгийн газар, Сангийн сайдын байр суурь бол төсөвтөө тодотгол хийхгүйгээр тэтгэвэр нэмсэнтэй адил зарчмаар хэмнэлт хийе гэдэг дээр байсан. Үүнийгээ өнгөрсөн долоо хоногийн бүлгийн хурал дээр илэрхийлж, төсвөө задлахыг хүсэхгүй байгаагаа хэлсэн. Гэвч Ч.Хүрэлбаатар тэргүүтэй олон гишүүд ил далдаар тодотголыг хүсэмжилсэн тул Засгийн газраас ийм агуулгаа бүхий төслийг “заналтайгаар” оруулж ирсэн гэж олгоход болно. Тиймээс ч гишүүд эсэргүүцэн зарим асуудлуудыг нь буцааж дөнгөв.
Х.Нямбаатар сайдыг бүгдийг гэмт хэрэгтэн, хоригдол болгох хууль оруулж ирлээ гэж шүүмжлэв
Ардын намын бүлгийн хуралд дээр яригдсан өөр нэг ньюанстай асуудал нь ХЗДХ яамнаас бэлтгэж Их хурал руу оруулж хэлэлцүүлэх гэж буй Эрүүгийн хууль болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. Гишүүд уг хуулийн төслийг тун их өөнтөглөж, иргэд болон бизнес эрхлэгчдийнхээ хөрөнгө орлогыг нь хянах, бизнес эрхлэгчдийг гэмт хэрэгтэн болгох заалтууд тусгасан хэмээн олон гишүүд сөрөг байр сууриар “булав”. “Монгол хүн баяжиж болохгүй, хөрөнгөтэй байж болохгүй гэсэн лоозон бүхий хууль оруулж ирлээ. Нэртэйгээр нь бүгдийг нь гэмт хэрэгтэн, хоригдол болгочих” хэмээн хуулийн сайдыг шүүмжлээд авчээ.
Ингээд ХЗД-ийн сайд Х.Нямбаатар уг хуулийн төслийг УИХ-д өргөн барих “виз”-ийг даруулах гэж шахсан ч Ерөнхий сайд сайн тунгааж агуулгын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэн алдаа мадаггүй хууль гаргах хэрэгтэй гээд зарим зүйл заалтуудыг эргэж харахаар болжээ.
Ийнхүү бүлгийн хурлын хамаг галтай сэдэв нь тодотгол байж, гишүүд засаг руугаа баахан “асч”, хэд хэдэн агуулгыг нь бүлэг дээрээ унагав. Бүлгийн дэмжлэггүй бол УИХ-аар асуудал нь явахгүй. Тиймээс Засгийн газрын зүгээс танхимынхаа бүтэц рүү анхаарсан хэмнэлтийг хийж, гишүүдийн хөрөнгө оруулалтаас аль болох хасахгүй, танахгүй байх шаардлага үүсч буй юм. Хэрвээ үүн дээр ойлголцохгүй бол тодотгол дагасан бас нэгэн “хэрүүлийн алим” эрх баригчид дунд ургах буй за. Хамгийн түрүүнд тойргын хөрөнгө оруулалтаа улс төрийн хүчгүй, баггүй МАН-ын гишүүд болон АН-ын хэд л тануулах байх даа.
Г.Лхагвадорж