Засгийн газраас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцалж төрийн мэдэлд авах шийдвэр гаргасан. Засгийн газрын шийдвэрийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан үйлдвэрийн ажилчдад танилцуулсан юм. Концесс эзэмшигч "Кью эс си" компани нь гэрээний үүргээ биелүүлээгүй, жилд 500 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр барих, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэх өргөтгөл, шинэчлэл хийх, төмрийн хүдэр боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах, зэрэг ажлыг хэрэгжүүлээгүй нь гэрээг цуцлах үндэслэл болсон гэж үзсэн. Цаашид засгийн газар үйлдвэрийн удирдлага, менежментийг сайжруулж дотоодын төмөрлөгийн хэрэгцээг тодорхой хэмжээгээр хангах, үйлдвэрлэлийн ажлыг тогтмолжуулахад анхаарч ажиллана гэдгийг Сангийн сайд онцолсон юм.
Ингээд түүнээс цөөн зүйлийг тодрууллаа.
-Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төр авлаа. Ямар нөхцөл байдалтай үйлдвэр хүлээн авч байна вэ?
-Дарханы төмөрлөгийн үйлдвэр төрд ирснээрээ үйл ажиллагаа нь доголдоно гэж байхгүй. Өнөөдөр хүлээн авч байгаа бланс, тэнцэл нэлээдгүй алдагдалтай байна. 630 гаруй тэрбум төгрөгийн өр авлага үүссэн байна. Багагүй хэмжээний алдагдалд орсон байна. Урьдчилгаа авсан 110-аад тэрбум төгрөгийн өр үүссэн байна. Өнгөрсөн найман жилийн хугацаанд 2.8 сая тонн баяжмал, 6.1 тонн сая хүдэр гаргасан байна. Нийт 8.9 тонн сая түүхий эд экспортолсон байна. Үүнээс олсон орлогоороо энэ бүх өр авлагаа яагаад төлж барагдуулаагүй вэ гэдгийг ТӨБЗГ аудит хийж, дүгнэлт гаргах байх.
-Цаашид ямар бүтцээр хэрхэн ажиллах вэ?
-Нийт 1000 гаруй ажилтан байна. Энэ хүмүүсийн ажлын байр, нийгмийн асуудлыг доголдолгүйгээр үргэлжлүүлнэ. Тодруулбал, үйлдвэрийн ажилчдыг халахгүй, цалин хангамжийг бууруулахгүй.