Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг холбогдох салбарын сайдууд танилцууллаа. Энэ үеэр бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбоотойгоор барилгын материалын үнэ ханш, хэрэгжих төсөл хөтөлбөр чиглэлд ямар бодлого барьж ажиллах талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Асуудлуудыг эрэмбэлэх талаар ярилцаж байна. Барилгын салбарт гэлтгүй бүхий л салбарт хүндрэл үүсч байгааг та бүхэн мэдэж байгаа. Өнгөрсөн намраас эхэлж барилгын арматур төмрийг татан авсан. Монгол Улсад жилд дунджаар 300 мянган тонн арматурын хэрэгцээ байдгаас 40-50 мянган тонн арматур замдаа явж байгаа. Татан авалт хийж буй компаниудын зүгээс вальютын хомстолд орж байгаагаас мөнгө шилжүүлэхэд хүндрэл үүсч байгаа талаар хэлж байна. Хувийн төслөөр хийгдэж байгаа төслүүдийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа.
Өнөөдрийн нөхцөлд ипотекийн зээлд асуудал гарч эхэлж байна. Учир нь 2020 оноос хойш тус зээлийн төлөлтийг хойшлуулсан. Төлөлтүүд орж ирж байж санхүүжилт бүрддэг байсан. Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулснаар сан бүрдүүлэх асуудалд хүндрэл үүсч эхэлж байна. Үнийн өсөлттэй холбоотойгоор хувийн хэвшлийн барьж, борлуулж буй байрнуудын үнэ өсөж байна" гэв.