Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: ОХУ, Украины зэвсэгт мөргөлдөөн эхэлснээр урьдчилан тооцоолох боломжгүй хүндрэл үүссэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 52 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. Тэрбээр "Дэлхий нийт коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтыг амжилттай хэрэгжүүлснээр 2022 онд дэлхийн эдийн засаг эргэн сэргэж, цар тахлын өмнөх эдийн засгийн идэвхжлийн түвшинд эргэн хүрэх боломжтой гэж олон улсын байгууллагууд төсөөлж байлаа. Гэвч 2022 оны 02 дугаар сарын 24-нд ОХУ болон Украин улсын зэвсэгт мөргөлдөөн эхэлснээр дэлхий нийтийн геополитик, эдийн засгийн нөхцөл байдалд урьдчилан тооцоолох боломжгүй хүндрэл үүсгээд байна. ОУВС, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд 2022 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийг 4.3 хувь орчимд хүрнэ гэж төсөөлж байсан боловч дээрх нөхцөл байдлаас шалтгаалан эдийн засгийн өсөлтийг бууруулан 3.5 орчимд тооцож байна.

ОХУ-ын экспортын голлох бүтээгдэхүүн болох байгалийн хий, газрын тос, үр тарианы үнэ дэлхийн зах зээл дээр огцом өсөж, нийлүүлэлт тасалдах эрсдэл үүссэнээр импортлогч орнуудад шатахуун, эрчим хүч болон хүнсний бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байна. Улмаар БНХАУ-ын ургац 2022 онд буурч байгаатай холбогдуулан хүнсний нийлүүлэлтийн тасалдал гарч дэлхий дахинд хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, хангамжийн хомсдол үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Иймд улс орнууд төсөв, мөнгөнийн бодлогыг уялдуулан дотоод нөөц боломжийг ашиглаж гол нэр төрлийн хүнс, газрын тосны бүтээгдэхүүнд дэмжлэг үзүүлэх, нийлүүлэлт хангамжийн хомсдол үүсэх эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг авч байгааг тодотгосон.

Цар тахлын цаашдын төлөв байдал болон Оросын Холбооны Улс болон Украин улсын зэвсэгт мөргөлдөөн, ОХУ-д тавьж буй эдийн засаг, худалдааны хоригуудын үргэлжлэх хугацаа, олон улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл тодорхой бус, нөхцөл байдал түргэн хугацаанд эрс өөрчлөгдөж байгаа энэ цаг үед богино хугацаанд ард иргэдийн амьдралд хамгийн их нөлөө үзүүлдэг газрын тосны бүтээгдэхүүн, мах, гурилын хомсдол үүсэх, үнэ өсөхөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулж онцгой журмаар зохицуулалт хийх эрхийг хуулиар Засгийн газар, Монголбанканд олгох зайлшгүй шаардлага тулгараад байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Монгол Улсын Засгийн газар нь “Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн уг хуулийн төслийг боловсруулсан" гэлээ.

Б.Мөнхбаатар: “Шинэ зуунмод” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталлаа
Б.Мөнхбаатар: “Шинэ зуунмод” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталлаа
 
ЧУУЛГАН: Зарим байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа
ЧУУЛГАН: Зарим байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.