Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дараагийн үеэ бэлдээгүй “Социал демократ залуучуудын холбоо“-ны /НАМЗХ/ “толгойны өвчин“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 4 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Ардын намын Их хурал дээр яригдсан социал демократ үзэл гэгчийг МАН-ынхан бүхий л үзэл сурталдаа шингээж, байгууллагуудаа энэ үзэл баримтлалыг тунхаглахыг шаардаж эхэлжээ. Ер нь Нийгмийн ардчилал гэх орчуулга нь одоо хүртэл улс төрийн шинжлэх ухаан талаасаа маргаан дагуулсаар байгаа.

Тэгвэл энэ хүрээндээ НАМЗХ /Нийгмийн Ардчилал Залуучуудын Холбоо/, НАМЭХ /Нийгмийн Ардчилал Эмэгтэйчүүдийн Холбоо/, НАМОХ /Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо/ гэсэн гурван холбооныхоо нэрийг Социал Демократ Залуучуудын холбоо, Социал Демократ Эмэгтэйчүүдийн холбоо, Социал Демократ Монголын Оюутны холбоо гэж ойрын хугацаанд өөрчлөхөөр болсон талаар эх сурвалж мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ойрын хугацаанд дээрх холбоодыг “Их хурлаа дөрөвдүгээр сардаа багтаж хуралдуулж нэрээ соль” шахаж эхэлсэн байна.

Энэ шийдвэрийг эмэгтэйчүүдийн холбоо нь асуудалгүй шийднэ. Харин дотооддоо баахан түжигнээнтэй байгаа насны хязгаар заадаг НАМЗХ, НАМОХ зэрэг холбоод нь хурлаа хийж чадахгүй ацан шалаанд орчихжээ.

Тодруулбал, энэ хоёр холбоод дүрмээрээ дөрвөн жилд нэг удаа хийх ёстой Их хурлаа хийх цаг нь болчихсон. Хэрвээ Их хурлаа зохион байгуулаад нэрээ шинэчилбэл давхар насны хязгаарт хүрсэн гишүүдээ “гаргах”. Насны хязгаараа давсан удирдлагын багаа шинэчлэх асуудал зайлшгүй хөндөгдөнө. НАМЗХ-ны хувьд насны дээд хязгаараа 35 гэж дүрмэндээ заачихсан. Гэтэл Ерөнхийлөгч Н.Учрал энэ жил 35 настай. Удирдлагын баг, Удирдах зөвлөл бусад гишүүд нь ч гэсэн 35 хүрчихсэн, бүр давчихсан яваа. Тиймээс Их хурлаа хийвэл энэ хүмүүсээ чөлөөлөх асуудал яригдана. Гэтэл амьдрал дээр Н.Учралын оронд хэн Ерөнхийлөгч болох вэ, гуч хүрч яваа залуусаас хэн хэн удирдлагын багт ажиллах вэ гэдэг асуулт НАМЗХ-ны толгойны өвчин болчихсон. Товчхондоо НАМЗХ дараагийн үеэ бэлдэж чадаагүй гэсэн үг. Нөгөө талдаа үнэлэгдээгүй ч гэсэн шинэ залуус нь дарга болох амбицаа барьж ядаж буй бөгөөд “ахмадууд” нь эвийг нь тааруулж байгаад үлдчихсэн битүүхэн санаархалтай яваа нь тодорхой.

Ингээд ацан шалаанд орсон НАМЗХ-ны залуус Их хурлаа хуралдуулж зөвхөн нэр солих асуудлыг л хэлэлцэх тал руугаа явж буй аж. Хэрвээ ингэчихвэл одоо 35, 36 хүрчихсэн залуус дөрвөн жилийн дараа 40 хүрчихсэн хэдий ч “стийл” залуучуудын холбоогоороо эргэлдэнэ гэсэн үг.

Оюутны холбоо нь яг адилхан дүрэмтэй, адилхан проблемтой. Хэрвээ хурлаа хийгээд нэрээ солиод өнгөрчихвөл гишүүдийнх нь нас талийчихна. НАМЗХ-д ордог насан дээрээ оюутны холбоогоороо эргэлдэнэ.

Ер нь бол дүрмээ дагах нь хамгийн зөв гарц. Дүрмээ дагахгүй байдлаас болж ялангуяа НАМЗХ дээр томоохон “зодоон” болдог. НАМЗХ-ны залуус ил гарч зодолдохгүй байгаа хэдий ч дотроо хэдийнээ хагарчихсан. Өнгөрсөн зун намын дарга нь өөрийн “хүн” Б.Золбадралыг оруулж, Н.Учралын оронд Ерөнхийлөгчөөр томилуулах гэсэн боловч залуучууд нь эсэргүүцээд унагачихсан. Энэ үйл явцад дүүргүүд болон 15 аймгийн НАМЗХ-ны төлөөллүүд нэгдэж сөрсөн базаа хийсэн. Л.Оюун-Эрдэнэ Японоос ирсэн даруйдаа онгоцны буудал дээр залуучуудаа дуудаж баахан нервтсэний эцэст асуудлыг хүчээр бярдаж дарж авсан. Хэрвээ тэгээгүй бол намын “зодоон” нь НАМЗХ дээр эхлэх байсан юм. Одоо эсэргүүцэгчид улам бүр л эгнээгээ тэлсэн. Ер нь НАМЗХ бол Ардын намын стратегийн ач холбогдолтой фронт. МАН-ын “зодоон” нэг бол НАМЗХ-ээс эхэлдэг. Үгүй бол НАМЗХ дээр л дуусдаг түүх бий. Хэрвээ энэ ойлгомжгүй байдал хэтийдвэл жинхэнэ ах нар нь дүү нараа араас нь “сумлана”. Ингээд битүүхэн өрнөж буй залуучуудын асуудал нь намын “хэрүүл, зодоон” болж өргөжих аюултай.

Тиймээс социал демократ сэтэр зүүх ажлаа, насны хязгаартай холбоотой асуудалтайгаа нэгтгээд НАМЗХ, НАМОХ-ны удирдлагууд тун эвтэйхэн шийдэх хэрэгтэй. Дүрэм зөрчиж, алдаа гарвал дараа нь хэрүүлийн том “алим” болж үлдэх болно шүү.

Г.Лхагвадорж

Намын бүлгүүд ХУРАЛДАНА
Намын бүлгүүд ХУРАЛДАНА
 
Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөн зургаадугаар сард нээгдэнэ
Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөн зургаадугаар сард нээгдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.