Олимпын аварга Н.Түвшинбаяр өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй. Түүнийг бусдын амь насанд хүрсэн хэрэгт буруутган шалгаж байгаа юм.
Харин түүний цагдан хоригдох хугацаа өнөөдөр дууссан бөгөөд прокуророос уг хугацааг нэг сараар сунгах хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтийг шүүх хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэсэн заалт, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорьж болно” гэсэн хуулийн заалтуудыг тус тус үндэслэн цагдан хорих 4 дүгээр хугацааг 01 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.
Яллагдагч Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “ Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан “, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар