Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УКРАИНААС ирсэн оюутан Д.Отгонмөнх: Оюутнууд хорогдох байрнаас “ҮХСЭН Ч ЯАХАВ“ гээд өөрсдөө гарч ирсэн

Ангилал
Нийгэм Ярилцлага Сурвалжлага
Огноо
Унших
13 минут 30 секунд

Украин, ОХУ-ын хооронд дайн дэгдээд багагүй хугацааг үдэж байна. Дайны хамгийн аюултай нөхцөл байдалд байсан Харьков хотоос 18 оюутан, нэг залуу гэр бүлийн хамт, мөн нэг иргэн эх орондоо ирээд удаагүй байна. Тэдний хувьд хүндхэн нөхцөл байдлыг даван туулж ирсэн билээ. Тэгвэл тэдний төлөөлөл Харьков хотод нисэхийн сургуульд суралцаж төгсөх гэж байсан хэдий ч дайны нөхцөл байдлаас үүдэн орхин ирсэн Д.Отгонмөнхтэй уулзаж тухайн үеийн нөхцөл байдал, одоо сэтгэл санааны байдал ямар байгаа талаар ярилцлаа.

-Тухайн үеийн нөхцөл байдал ямар байсан бэ. Үүрэг хариуцлага хүлээх албан тушаалтай эрх бүхий хүмүүс та бүхнийг татан авахад хэрхэн туслав. Одоо гэнэт л баахан аврагч нар гараад ирсэн байна?

-Украины хэмжээнд Монгол Улсаас нийт 69 оюутан байсан. Дөрвөн хотод тархан суралцаж байсан гэсэн үг. Түрүүлж ирсэн оюутнуудын хувьд сургуулиа хаясан ч хамаагүй гэсэн оюутнууд ирсэн. Харин үлдсэн оюутнуудын хувьд хэлний бэлтгэлтэй болон төгсөх курсийн, эсвэл уртын дадлага нь эхэлсэн оюутнууд байсан. Бид сургуульдаа өргөдлөө өгсөн ч бусад улс орнууд шиг татаж авч байгаа гэсэн бичиг хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьсан.

Тухайн бичгийг хүлээж хоёрдугаар сарын 13-ны өдөр Элчин сайд, консул гадаад харилцааны нэг мэргэжилтэнтэй бүх оюутнууд хурал хийсэн. Тухайн хурлаас өмнө бид бичгээ шаардсаар л байсан. Гэтэл ГХЯ-наас тухайн бичгээ өгөхгүй байсаар байтал дайн болчихсон. Хоёрдугаар сарын 24-нд дайн болно гэдгийг бид битгий хэл Украинчууд ч мэдээгүй байсан шүү дээ. Сургуулиа хаяах гээд тав дахь өдрийн тасалбар авсан байсан хэдий ч дөрөв дэх өдөр нь дайн эхэлсэн. Биднийг амьд гараад ирсний дараа ч маш олон худлаа мэдээлэл тараасаар байсан. Жишээ нь, сиймхийг ашиглаад яв гэсэн мэдээлэл дамжуулсан, Ильвов хотод байсан эгч залгаж мэдээлэл өгсөн, Украинд байдаг өргөмжит Консул Эдуард Рубан л гэхэд биднийг зөөсөн гэх мэт олон худлаа мэдээлэл тарж байна.

Тэр ч бүү хэл биднийг хоргодох байранд байсаар байхад хүмүүсээ татан авчихлаа гэсэн мэдээлэл тараасан. Эд бүгд худлаа. Хэн ч дайтаж байгаа хоёр улсыг хэлэлцээ хийнэ гэж мэдээгүй байсан. Ирсний дараа хүн болгон л баатар болох гэж үзэж байна. Гүүр бөмбөгдүүлснээс болж галт тэрэг явахаа больчихсон байсан. Явах явахгүйг нь хэн ч мэдэхгүй байхад Украины их сургуулийн багш Надежда Моргунова гээд багшаас энэ талаар мэдээлэл авсан. Энэ мэдээллийг аваад дөрвөн оюутан дур мэдэж ҮХСЭН Ч ЯАХ ВЭ гээд л гараад явсан. Гэхдээ хамгийн гол юм нь бид аав ээждээ амьд мэнд ирчихсэн байна. Харин баатар болох гээд байгаа хүмүүсийг би ойлгохгүй байна. Ямар ч дипломатчийн ёс зүй этикгүй. Насанд хүрсэн хүмүүс байж худлаа ярих хэрэггүй. Худлаа байсан гэдгийг тэнд байсан бүх оюутнууд мэдэж байгаа.

-н.Энхзаяа гэх эмэгтэй та хэдэд сиймхийг ашиглаж гарах мэдээллээр хангаж тус хүргэсэн гэж би сонссон юм байна?

-Тэр эгчийн хувьд биднийг Львов гэдэг хотод байхад тусалсан нь үнэн. Гэхдээ тэр эгчийн мэдээллийн дагуу гарч ирсэн гэдэг нь бол худлаа. Харьков хотоос Львов хот хүрэх галт тэргэндээ сууж Львов хүрэхийн даваан дээр Польш Улсад суудаг Консул н.Энхзаяа эгчийн дугаарыг өгсөн. Львов хүрэхийн даваан дээр л тэр хүнтэй холбоо тогтоосон. Львов хотод биднийг хүлээж аваад гэртээ байлгаж хооллоод хил рүү хүргэж өгч тус хүргэсэн хүн. Гэхдээ манай хамт байсан зарим оюутнууд хүртэл Польш Улсад ирээд шал өөр юм ярьж эхэлсэн. Өөр юм гэдэг нь магтаж эхэлсэн бичлэг цацагдсан. Сайн анзаарч чадвал хамгийн түрүүнд бусдынхаа амийг аврахаар хоргодох байрнаас гарсан дөрвөн оюутан тухайн бичлэгт байдаггүй. Тэр бичлэгийг хийснийг ч мэдээгүй. Гэтэл хамт аюулаас мултарч гарч ирсэн хүүхдүүд хүртэл худлаа хэлсэн байсан. Энхзаяа эгчид гэртээ оруулаад хооллож, хил рүү хүргэж өгсөнд баярлаж байна..

-Хүндэт Консул Эдуард Рубан та хэдэд бас их тус хүргэсэн гэж сонссон. Гэхдээ зарим мэдээллийн сайтуудаар хүүхдүүдээр далимдуулж гэр бүлийнхээ хүмүүсийг авч гарсан гэсэн мэдээлэл ч нэлээд явсан шүү дээ?

-Эдуард Рубан гэдэг хүний үүрэг хариуцлага нь Украин Улсад Монголыг төлөөлж байгаа өргөмжит консул хүн. Украинд Элчин сайдын яам байхгүй. Тиймээс Монгол Улсыг төлөөлж байгаа ганц дипломатч хүн гэсэн үг. Киев хотод байсан оюутнуудыг өөрийн машинаар гэр бүлийн хамт гаргаж авсан юм билээ. Тэр нь гэхдээ гурван оюутан л даа. Тэрийгээ л бүгдийг нь гаргаад авчихлаа гэж мэдээлсэн. Харин Харьковаас бол Анхбаяр гэдэг оюутан бүх оюутнуудыг гэртээ байлгаж удирдаад галт тэргэнд суух гурван удаагийн оролдлого хийж байж ирсэн. Гэтэл зарим оюутнууд ирснийхээ дараа худлаа ярьж үнэнийг хэлэхгүй байна. Киев хотод байгаа оюутнуудыг аюулгүй гаргасан хүн бол Анхбаяр гэж хүн бий. Миний хувьд жинхэнэ баатар болох хүн бол АНХБАЯР гэдэг оюутан. Дайн тулаантай үед үед бусдыгаа удирдаж оролдлого хийнэ гэдэг дипломатчаас илүү хариуцлагыг өөр дээрээ үүрч тухайн хүүхдүүдийг аварсан хэрэг.

-Дайн дуусвал та бүхэн буцаж Украин явж суралцах уу?

-Дайн одоо дуусаагүй улам хурцдах гэж байна. Дөрөв, таван хотод зам гаргана. Тухайн замаар хүмүүсээ аваарай гэж бусад улсуудад сануулж байгаа. Нөхцөл байдлыг албан ёсны сайтуудаас харахад улам хурцдаад байна Энэ дайн дууслаа гэж бодоход тухайн хот сэргэх ёстой, гольдролдоо орох хэрэгтэй болно. Сэргээн босоход дор хаяж 10 жил боллоо гэж бодоход бид 10 жил хүлээн байж тэнд очиж төгсөнө гэсэн ойлголт байхгүй. Бид өөрсдөө тэнд байсан болохоор дайн хурдан дуусаасай гэж бодож байна. Одоо ч тэнд хүмүүс үхэж байгаа. Хэцүү байна. Мэдээллийг нь хараад зүрх сэтгэл шимширдэг. Гэхдээ дайн дуусаад л бүх зүйл сайхан болохгүй. Тухайн улс сэргэх нэлээд хугацаа орно шүү дээ.

-Дөрвөн жил сураад төгсөхийн даваан дээр ийм зүйл боллоо. Тухайн сургуульд сурсан жилээ Монгол Улсад дүйцүүлэх боломж бололцоо байгаа болов уу. Энэ талаар судалсан уу?

-Яг тэр талаар судалж үзээгүй. Бид ирээд дөрөв тав л хонож байна. Зарим хүүхдүүд одоогоор амралтын байдалтай байна. Дүйцүүлэх тал дээр ГХЯ-тай өөрсдөө очиж уулзаагүй байгаа. ГХЯ-наас ч мэдэгдсэн юм алга. Гэхдээ сургуультайгаа буюу сургалтын албаны хүнтэйгээ холбоотой байгаа.

-Та бүхний сэтгэл санааны байдал ямар байна вэ?

-Би яг төлөөлөөд л ярьж байгаа болохоос яг хэвийн байдалдаа орж чадаагүй л байна. Дайн гэдэг бол тоглоом биш шүү дээ

-Та улсынхаа ГХЯ-д ямар үнэлгээ өгмөөр байна?

-Анх дайны талаар мэдээлэл гарахад Солонгос, Япон, Энэтхэгчүүд иргэдээ татаж аваад эхэлсэн. Америкчууд тус улсаас гарахыг зөвлөсөн, Марокко Улсаас шууд нислэг гаргаж иргэдээ татаж авч байна гэдгийг хэлтэл Элчин сайдаас биднийг эх сурвалжаа батлаарай гэсэн. Яаж батлах учраа олоогүй. Тэртээ тэргүй Англи хэлээр хайхад хангалттай мэдээлэл гарч ирж байсан. Ганц бичиг хүлээгээд дайн болтол байсан гэхээр ГХЯ, Консул, Элчин сайдын яам ямар байгааг харж болно. Татаж авч байгаа гэсэн ганц бичиг л өгчих бид өөрсдөө зардлаа төлөөд явъя гэж байхад өгөлгүй байсаар ийм байдалд хүргэсэн. Мэдээллээ өөрсдөө олж аваад АНАЛИЗ хийж чадахгүй хэрнээ маш удаан хойрго санагдсан. Ямар нэг шалтгаан хэлээд л байдаг шүү дээ.

-Мэдээлэл өгсөн багш болон, тантай ойр дотно байсан Украин эмээ одоо ямар байгаа бол?

-Хүмүүс баатар болох их дуртай юм. Миний бодлоор хамгийн баатар болох хүн Надежда Моргуноваг гэж бодож байна. Галт тэрэг явахгүй байхад таван мест авсан хүн шүү дээ. Бид ирсэн талаараа хэлэхэд миний та нарт хэлсэн зорилго биелэлээ. Та бүхэн л эрүүл энх очсон бол боллоо гэж ярьж байсан. Тухайн газар бол нөхцөл байдал маш хүнд байгаа. Манай багш эмээ хоёр одоог хүртэл Харьков хот дахь гэртээ байгаа. Өдөр болгон залгаж сэтгэл санаагаар дэмжихийг хичээгээд л байж байна.

-Хамт хэцүү нөхцөл байдлаас гарч ирсэн зарим оюутнууд ирээд өөр юм ярьсан гэж хэлсэн. Тодруулбал?

-Хүн болгоны ухамсар, өссөн бойжсон орчин, хүмүүжил өөр өөр. Тухайн оюутнууд юу бодож яаж явдгийг би мэдэхгүй. Зарим нь хил дээр ирээд өөр юм ярьж эхэлсэн. Хэний ятгалгаар ярьж байгааг мэдэхгүй байна. Тэднийг нөхцөл байдал гайгүй байсан гэж яриулаад сайтуудаар мэдээлсэн байсан. Хамгийн гол асуудал нь бид Харьков хотоосоо л гарч чадахгүй байсан юм. Харьковаас гарч ирээд аюулгүй хил дээр ирж чадвал татаж авах асуудлыг ГХЯ бэлдсэн байгаа гэж хэлж байсан. Хамгийн гол нь ГХЯ-наас болж ойртчихсон шүү дээ. Тэндээс гарахад манай гэрийнхэн үхсэн ч хамаагүй оролдоод үз гэж хэлсэн. Өмнөх өдөр нь Элчин сайд Доржтой ярихад би яах юм, юу хийх ёстой юм гэж хэлсэн. Тэрийг сонсоод л итгэл төрөхгүй гурван оюутантай хамт гарч гүйж галт тэргэнд бусдыгаа авч орсон. Товчхондоо ийм л юм болсон. Ер нь юм үнэнээрээ сайхан. Тусалсан бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлсэн. Үнэнээрээ сайхан гэдэг нь нэг тал нь долигоноод нөгөө тал нь долигонуулах гээд байвал энэ нийгэм улам л уруудан доройтно шүү дээ. Тэгэхээр хэн нэгнийг шүүж харлуулах гээгүй. Зүгээр л тусалж дэмжсэн олон мянган хүмүүс бий. Хамгийн гол зүйл нь бид амьд ирсэн. Заавал нэгийгээ сэвж баатар болгоод, үнэнийг гуйвуулаад нөгөө хэсэг нь худлаа ярьж байх хэрэггүй байх. Ялангуяа залуус бид зөв юман дээр бат зогсох хэрэгтэй. Үнэн зүйлийг үнэнээр нь ярьж байж энэ нийгэм илүү хөгжих болов уу гэж бодож байна. Тэртээ тэргүй хангалттай худал хуурмаг Монголд байна. Үүнийг хэлэх гэж танай сайтын саналыг хүлээж авч яриа өглөө.

-Ярилцсанд баярлалаа.

Маргааш Улаанбаатарт 0 хэм дулаан
Маргааш Улаанбаатарт 0 хэм дулаан
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.