Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Даваадорж: Өөртөө болон үзэгчиддээ мартагдахааргүй дурсамж үлдээх тоглолт хийхээр зорьж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 9 секунд

"Монгол цэргийн баяр" энэ сарын 18-ны өдөр тохионо. Тус өдрийг тохиолдуулан Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин СТА Д.Даваадорж "Бодогдоод байх юм" анхны бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байна. Энэ талаар түүнээс цөөн зүйлийг тодрууллаа.

-Сайн байна уу. Та уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Намайг Дагвабаасангийн Даваадорж гэдэг. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат. 2009 онд СУИС-ийг "Дуурийн дуулаач" мэргэжлээр төгссөн. 2009 оноос хойш одоог хүртэл "Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-д дуучнаар ажиллаж байна.

-Удахгүй болох бие даасан тоглолтынхоо талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ сарын 14-ний өдөр өөрийн анхны бие даасан уран бүтээлийн тайлан тоглолтоо хийхээр бэлтгэлээ хийгээд байж байна. Тоглолтод маань МУГЖ Д.Энхзул, Ө.Уянга, МУСТА Л.Чулуунбаатар, Ч.Алтантүлхүүр, "Цэргийн дуу бүжгийн чуулга" бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм. Анхны тоглолтоо үзэгч олон түмнийхээ хамгийн сайн мэдэх "Бодогдоод байх юм" дууны нэрээр нэрлэсэн.

-Анхны бие даасан тоглолтоо хийхээр ажиллаж байна шүү дээ. Танд ямар сэтгэгдэл төрж байна вэ?

-Уран бүтээлч хүн олон яруу найрагч, хөгжмийн зохиолчтой хамтарч ажилладаг. Тиймээс энэ тоглолтдоо аль болох олон уран бүтээлээ багтаахыг хичээж байгаа. Тоглолтын бэлтгэл ажлын ард гэр бүл, найз нөхөд, цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон гээд маш олон хүний дэмжлэг, хөдөлмөр байгаа.

Анхны уран бүтээлийн тайлан тоглолт гэдэг утгаараа сэтгэл зүрх догдолж, хүлээлттэй байна. Үзэгчид болоод өөртөө мартагдахааргүй сайхан дурсамжтай тоглолт хийхийг зорьж байна.

-Таны уран санд нийт хэчнээн дуу байна вэ?

-Миний хувьд төрийн байгууллагад ажиллахын хажуугаар уран бүтээлээ хийдэг. Уран бүтээлдээ зарцуулах хугацаа харьцангуй бага гэж ойлгож болно. Сая тоглолтод оруулах дуунуудынхаа жагсаалтыг гаргахад нийтдээ 40 орчим уран бүтээл байсан.

-Тоглолтын бэлтгэл хэр хангагдаж байна вэ?

-Тоглолтын бэлтгэл ажлыг Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн хамт олон хийж байна. Мөн Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Энэ ташрамд, тусалж дэмжиж буй бүх хүмүүстээ талархсанаа илэрхийлж байна.

-Таны уран бүтээлийн дараагийн төлөвлөгөө юу вэ ?

-Одоогийн байдлаар тоглолтынхоо дараа өөрийн төрсөн нутаг Хэнтий аймгийн сумдаар аялан тоглолт хийхийг төлөвлөж байгаа.

- Ярилцсанд баярлалаа.

Ч.Өнөрбаяр: Хөгжлийн банкны зээлийг “Төрийн нууц“ нэрийдлээр нууж байна
Ч.Өнөрбаяр: Хөгжлийн банкны зээлийг “Төрийн нууц“ нэрийдлээр нууж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.