Хийн гар буугаар бусдыг айлган сүрдүүлсэн этгээдүүдийг цагдаагийн байгууллага шуурхай эрэн сурвалжилж, олж илрүүлжээ. Тус хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай "Энэ оны гуравдугаар сарын 1-ний 03:00 цагийн орчимд Баянгол дүүрэгт байрлах 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн баарны өмнө гар буу гаргаж айлган сүрдүүлж, танхайрч байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу тус дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагааг шуурхай явуулсан. Хийн гар буу гаргаж танхайрсан 32 настай иргэн Э, 26 настай иргэн Э нарыг шуурхай эрэн сурвалжлан олж тогтоож, баривчилсан.
32 настай иргэн Э нь өмнө дээрэмдэх, хүчиндэх, хүнийг алах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан бөгөөд 2021 оны есдүгээр сард хорих ангиас суллагдсан байна. 26 настай Э нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй. Харин мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хуурамчаар ашиглах төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан. Энэ хэрэгтэй холбогдуулан ашигласан хийн гар бууг тээврийн хэрэгслээс нь хураан авсан" гэлээ.