Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ковид19-ийн халдвараар давтан өвдөхөөс сэргийлэх хэрэгтэй“

Ангилал
COVID-19 Ярилцлага
Огноо
Унших
5 минут 8 секунд

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга асан Д.Нарангэрэлээс ковид19-өөр давтан өвчилсөөр байх нь эрүүл мэнд талаас ямар сөрөг нөлөөллийг бий болгож болох талаар тодрууллаа.

-Өмнө дельта, альфа хувилбараар өвдсөн иргэд дахин халдвар авах эрсдэл бий гэх зүйлийг албаныхан хэлж буй. Тэгвэл иргэд давтан халдвар авах эрсдэл өнөөдөр ч байсаар байна гэж харж байна?

-Тийм ээ. Иргэд омикрон хувилбарын үед давтан халдвар авах эрсдэлтэй. Ялангуяа эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч ажилчид 2-3 дахиа өвдөх тохиолдол гарч байгаа. Энгийн иргэд ч 2-3 дахь удаагаа өвдөж буй тохиолдол байна. Мутацид орсон шинэ вирус тул өвдөх магадлал өндөр. Тиймээс залуус өмнө дельта аль эсвэл альфа хувилбараар өвдчихсөн учраас дахин халдвар авахгүй хэмээн бодож болохгүй. Харин ч өвдөх эрсдэл их байна. Тэгэхээр нэгдүгээрт, дархлаа сэргээх тундаа хамрагдах, амны хаалт зүүх, хүн олноор цугларсан газар очихгүй байхыг бодох хэрэгтэй байгаа юм.

-Халдварт өвчний дараах сөрөг нөлөөлөл нь хэр байдаг вэ. Омикрон хувилбарын илэрч буй эмнэлзүйн шинж тэмдэг хөнгөн тул давтан туссан ч хөнгөн тусаад өнгөрнө гэх хандлага олон нийтийн дунд байх шиг?

-Урт хугацааны ковид гэдэг зүйл дэлхий нийтийн санаа зовоосон асуудлын нэг болоод байгаа. Ковидоор өвдсөн ихэнх хүмүүс 1-3 сар аль эсвэл 3-6 сарын туршид ямар нэгэн зовиур илэрч байгаа. Нойргүйтэх, ой тогтоолт муудах гэх мэт шинж тэмдгүүд илэрч байгаа юм.

-Ковид19-ийн халдвар авч гэрээр эмчлүүлж буй иргэд юун дээр анхаарах шаардлагатай вэ. Хөнгөн шинж тэмдэггүй тохиолдолд сэргээн засах эмчилгээ хийхгүйгээр нийгмийн амьдралд оролцож болно хэмээн өмнөх бусад хувилбарын үед хэлж байсан. Мөн халдварлах үе нь 5 хоног байгаа хэдий ч энэ хугацаанд тухайн хүн эдгэрэх боломжгүй гэх байр суурийг та өөрийн цахим хуудастаа илэрхийлсэн байсан?

-Тав хоногт бүрэн эдгэрэхгүй. Ер нь хөнгөн өвчин гэж байхгүй. Хөнгөн гэдэгт санал нэгдэхгүй байгаа хэрэг. Хөнгөн гэдэгт дархлаа сайтай залуу хүмүүст шинж тэмдэг бүдэг илрэх гэх ойлголт яваад байгаа юм. Шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрсэн ч тухайн хүнд тодорхой хэмжээнд хүндрэл гарна. Яагаад гэвэл энэ вирус нь цусны өтгөрөлийг бий болгоод байгаа юм. Цус өтгөрөх нь тархины цус харвалт үүсгэх эрсдэлтэй. Ер нь залуучуудын дундах зүрх судасны өвчнөөр нас барах тохиолдол ихсэж байгаа шүү дээ. Тэгэхээр ковид19-ийг хөнгөн гэж үзэж болохгүй.

-Та сая цус бүлэгнэх, өтгөрч байгаа талаар хэллээ. Тэгвэл цус өтгөрөхөөс хэрхэн сэргийлэх боломжтой вэ?

-Өдөрт 2-2.5 литр шингэн зүйлийг ойр ойрхон хугацаанд уух хэрэгтэй. Мөн дасгал хөдөлгөөнийг сайн хийх хэрэгтэй. Цусаа шингэлэх талаас нь арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Мөн аспирин 100, аспирин 81-ийг эмчийн заалтаар 2-3 сарын хугацаанд хэрэглэвэл зүгээр. Цус их бүлэгнэнэ гэдэг нь хүний биеийн эд, эсэд хүчилтөрөгч бага очиж байна гэсэн үг. Хүчилтөрөгч бага очоод байгаа нь ковидын дараах сөрөг нөлөөллийг бий болгож буй юм.

-Тэгэхээр иргэд маань аль болох давтан халдвар авахаас сэргийлэх хэрэгтэй байх нь?

-Ямар ч халдварт өвчин тэр тусмаа омикроноос аль болохоор өвдөхгүй байх хэрэгтэй. Өвөдхгүй байхын тулд л халдвар хамгааллын дэглэмийг өндөр сахиулах нь чухал. Халдварлах чадвар өндөр тул хүний нягтралыг багасгах хэрэгтэй.

Мэдээж өмнө халдвар авсан хүний биед тодорхой хэмжээнд цус бүлэгнэлт явагдаж байхыг үгүйсгэхгүй. Гэтэл дахин халдвар авах нь сөрөг нөлөөллийг нэмэгдүүлнэ л гэсэн үг. Ковид бол томуугийн л нэг төрөл болчихлоо шүү дээ. Олон дахин ханиад хүрдэг хүний дархлаа муудаж, би сульдагтай адил ковид19 ч ялгаагүй. Тиймээс аль болох ковид19-ийн халдвараар давтан өвдөхгүй байх чухал.

ЦЕГ: Хятад иргэдийн бичлэг бодит эсэхийг тодруулж байна
ЦЕГ: Хятад иргэдийн бичлэг бодит эсэхийг тодруулж байна
 
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.