Цагдаагийн байгууллагын 102 утсанд 2022 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр 18 цаг 42 минутад иргэн Э-ээс “Дөнгөж төрөөд удаагүй байгаа эрэгтэй хүүхэд оллоо" гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид түргэн шуурхай шалгаж ажиллахад 21 настай эмэгтэй Э нь 2022 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр гэртээ төрж, өөрөө цагдаагийн байгууллагад “айлын хаалганы гадна талд дөнгөж төрсөн нярай хүүхэд олж гэртээ авчирлаа” гэж худал дуудлага мэдээлэл өгснийг илрүүлэн шалгаж байна.
Эх, нярайд эмнэлгийн анхан шатын тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад холбон зуучилсан. Эх болон нярайн биеийн эрүүл мэндийн байдал хэвийн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.