Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Сар шинийн баяр дөхөж, орон нутгаас ирсэн иргэд олноороо буцаж байна

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
6 минут 46 секунд

Улаанбаатар хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй газруудын нэг бол Сонгинохайрхан зорчигч тээврийн төв. Тус төвөөр баруун болон төвийн аймаг руу зорчих иргэд үйлчлүүлдэг. Нийслэлээс орон нутаг руу зорих иргэдийн 80 орчим хувь нь эндээс ирж, буцдаг байна.

Сар шинийн баяр дөхсөн эл өдрүүдэд орон нутгийг зорих иргэд ихэссэн нь илт. Биднийг очих үед цаасан хайрцагнуудыг скочоор зай завсаргүй ороож, том “гахай” цүнх мөрөвчилсөн хүмүүс хүрээнээс бөөгнүүлсэн цагаан сарын хэд гурван бэлэг сэлтээ машинаас машины хооронд зөөх дүр зураг угтлаа.

“Сар шинийн баяр тохиолдуулан орон нутгаас ирсэн иргэд олноороо буцаж байна”

No description available.

Улаанбаатар-Баянхонгор чиглэлийн нийтийн тээврийн жолооч “Сүүлийн өдрүүдэд цагаан сарын баяр болж байгаатай холбогдуулан хот хооронд зорчих иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, орон нутаг руу зорчих хөдөлгөөн ихэссэн байна. Манай чиглэлд нэмэлтээр хүртэл автобус явж байгаа. Бидний зүгээс автобусандаа ариутгал, цэвэрлэгээ хийж, зорчигдчын гарыг ариутгаж байгаа. Хотоос гарах болон орох үед товчоон дээр бүртгэл хийдэг. Өмнө нь зорчигчдын мэдээллийг авдаг байсан бол одоо тийм зохицуулалт байхгүй болсон. Мөн суудал хоорондын зай бариулалгүйгээр 100 хувийн дүүргэлттэй явж байна” гэдгийг хэллээ.

Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн нийтийн тээврийн жолооч “Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад орон нутагаас хот руу, хотоос орон нутаг руу зорчих иргэдийг хөл хөдөлгөөн нэмэгдэж байна. Сар шинэтэй холбоотой болов уу гэж бодож байна. Зорчиж буй иргэдэд хоёр болон гуравдугаар тун хийлгэсэн байх гэсэн шаардалага тавьж байгаа. “22”-ын товчоон дээр байх Авто тээврийн үндэсний төвийн хяналтын постоор шалгуулаад зорчдог” гэлээ.

УОК: Сар шинийн баяраар хот хоорондын хөдөлгөөнд ямар нэгэн хязгаарлалт хийхгүй

Коронавируст халдварын нэг өдөрт батлагдах тохиолдол хэдэн мянга давж буй. Гэвч сар шинийн баяртай холбогдуулан орон нутгаас нийслэлийг, нийслэлээс орон нутгийг зорих хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. УОК, эмнэлгийн байгууллагуудаас сар шинийн баярыг гэртээ тэмдэглэн өнгөрүүлэхийг зөвлөж байгаа хэдий ч иргэдийн хөдөлгөөн ийнхүү эрчимжсээр байна. Үүнээс шалтгаалан вирусын халдвараар өвчлөгсдийн тоо улам нэмэгдэж, улмаар орон нутагт давалгаа үүсэж, эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэх эрсдэл үүсэх юм.

Тэгвэл сар шинийн баяраар хот хоорондын хөдөлгөөнд ямар нэг байдлаар хязгаарлалт тогтоох эсэхийг УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээс тодруулахад "УОК, ЗГ-аас өнгөрсөн 2021 оны тавдугаар сараас эхлэн хатуу хөл хорио тогтоогоогүй. Халдварын тохиолдлыг хөл хориогоор хязгаарлах нь вакцин хийгээгүй байх үед авч хэрэгцүүлж байсан арга хэмжээ юм. Цар тахлын үед хамтын хүчээр давж гарах ёстой. Сар шинийн баяраар хот хоорондын хөдөлгөөнд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй" гэв.

“Нэг өдөрт дунджаар 1700-2500 иргэн үйлчлүүлж, орон нутаг руу зорчиж байна”

Сонгинохайрхан дүүрэгт байрлах зорчигч тээврийн төвөөр нэг өдөрт дунджаар 1700-2500 иргэн үйлчлүүлж, орон нутаг руу зорчиж байгаа болохыг хэлж байлаа. Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн дарга Ц.Цэцэг-Ундралаас зарим зүйлийг тодрууллаа.

-Сар шинийн баяртай холбогдуулан хот хооронд зорчигчдын тоо нэмэгдэж байна уу?

-Тийм ээ. Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд зорчих иргэдийн тоо нэмэгдэж байна. Харин орон нутгаас нийслэл хот руу чиглэсэн урсгал бага байгаа. Тухайлбал, энэ сарын 23-ны өдөр л гэхэд 27 чиглэлд 69 тээврийн хэрэгслээр 1768 зорчигч зорчсон. Харин орон нутгаас 27 чиглэлээс 67 тээврийн хэрэгслээр 1124 зорчигч ирсэн. Суудал ашиглалт 63 хувьтай байгаа. Үүнээс харахад, Улаанбаатараас орон нутаг руу зорчиж буй иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдсэн.

-Өдөрт дунджаар хэчнээн чиглэлд автобус зорчиж байна вэ?

-Өдөрт дунджаар 120-150 тээврийн хэрэгсэл орон нутгийн ирэх, очих чиглэлд хөдөлгөөн үйлдэж байгаа. Зорчигчийн хувьд 2000-3500 хооронд явж байна.

-Ачаалал их байгаатай холбоотойгоор нэмэлт автобус гарч байгаа юу?

-Суудал ашиглалт нь 100 хувь хүрсэн тохиолдолд зарим чиглэлд нэмэлт автобус гарч байгаа. Тэр дундаа, Баянхонгор, Увс, Говь-Алтай зэрэг аймгууд руу нэмэлт автобус хөдөлгөөн үйлдэж байна. Сар шиний баяр дөхөх тусам иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж байх гэж харж байгаа.

-Хот хооронд явж буй нийтийн тээвэрт халдвар хамгааллийн дэглэмийг хэрхэн мөрдүүлж байна вэ?

-Бидний хувьд хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаанд бүхий л талын шаардлага, заавар зөвлөмжөө өгч байгаа. Өдөрт л гэхэд 120-150 тээврийн хэрэгсэл хөдөлгөөн үйлдэж байна. Ингэхдээ тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, ариутгал халдваргүйжүүлэлт болон халдвар хамгааллын дэглэмийг сахиулах тал дээр зөвлөмжүүдээ өгдөг. Хөдөлгөөн эхлэхээс өмнө зорчигчдийн халууныг хэмжиж, QR кодыг уншуулж, гарыг нь ариутгаад оруулдаг. Хэрвээ 37 ба түүнээс өндөр хэмийн халуунтай зорчигч байвал тусгаарлах зориулалтын өрөөг гаргасан байгаа.

-Халдварын тархалт нэмэгдэж буй энэ үед зорчигч тээврийн хэрэгслүүдэд тавих хяналтаа чангатгах тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Зорчигчдийн тоо нэмэгдэж басхүү халдварын нөхцөл байдалтай уялдуулан мэргэжлийн ариутгалын байгууллагаар хөдөлгөөн үйлдэж буй нийтийн тээврүүдэд ариутгал хийлгэх төлөвлөгөөтэй байгаа.

Ё.Отгонбаярыг МАН-ын даргын зөвлөхийн албан тушаалаас нь чөлөөлжээ
Ё.Отгонбаярыг МАН-ын даргын зөвлөхийн албан тушаалаас нь чөлөөлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.