Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.12.27/ боллоо. Энэ үеэр Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Ковид-19”-тэй холбоотой мэдээлэл хийв. Тэрбээр "Өнгөрч буй онд хамгийн их ачаалалтай үе нь нийслэлийн хэмжээнд ес, аравдугаар сар байсан. Харин арваннэгдүгээр сараас өдөрт дунджаар 230 тохиолдол бүртгэгдэж, халдварын тархалт харьцангуй буурсан. Өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 200 тохиолдол бүртгэгдсэн байна. Коронавирусийн халдварыг илрүүлэх тандалт шинжилгээг арванхоёрдугаар сард 27.716 хүнд хийсэн.
Дархлаажуулалтын хувьд дөрөв, тавдугаар сард хамгийн олон хүнийг хамруулсан бол арваннэг, арванхоёрдугаар сард мөн идэвхжиж, арваннэгдүгээр сард 124.635 хүн, арванхоёрдугаар сард 91.637 хүнийг дархлаажууллаа. Хамгийн идэвхтэй долоо хоногт 7374 хүнийг дархлаажуулалтад хамруулж байлаа" гэв.