Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Авлигыг бууруулахын тулд төрийн албаны цалин хөлсийг нэмэгдүүлэх учиртай“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 57 секунд

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.12.27/ боллоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн хувьд 2021 он бол хууль, эрх зүйн хувьд өөрчлөлт шинэчлэлт хийсэн дэвшлийн жил байлаа. Нийслэл хот эрх зүйн чадамжтай болохын сацуу эдийн засгийн чадамжтай болох эх үндсээ тавилаа. Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэж өгсөн 420 тэрбум төгрөгийн дэмжлэг гадаадын хөрөнгө оруулалт татах дуудлага болж өглөө. Гадаадын олон улс орноос, хөрөнгө оруулагчдаас Улаанбаатар хотын хөгжилд хамтран ажиллах санал, санаачилга гаргаж байна.

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 74 нэр төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг зөвшөөрөл, батламжаас чөлөөлсөн. Иргэдэд бие даан хөгжих, бизнесээ хөгжүүлэх боломжийг олгох хэрэгтэй байна. Төрөөс нэг ч төгрөг гуйхгүйгээр ажлын байр бий болгоод, улсдаа татвар төлөөд, амьдралаа залгуулаад явж байгаа бизнес эрхлэгчид бол баялаг бүтээгчид. Ирэх жилүүдэд зөвлөн тусалж, дэмжиж ажиллах нь чухал.

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд дагаж мөрдөж буй 2500 стандарт, улсын хэмжээнд 6602 стандарт бий. Үүний тал хувь нь хоцрогдсон, шинэчлэхээс аргагүй стандартууд юм. Ангилал, зэрэглэл, стандартын хэм хэмжээ, зөвшөөрөл батламжууд бизнест асар их чөдөр тушаа болж байна. Энэ бүхнийг чөлөөлж, бид иргэдээ дэмжинэ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.

Нөгөөтээгүүр, сарын 500-600 мянган төгрөгийн цалинтай төрийн албан хаагчид амьдралаа хэрхэн, яаж залгуулах вэ. Тиймээс цалинг нэмэх ёстой. Цалин нэмэхгүй байна гэдэг төрийн албан хаагчдыг төр өөрөө авлига руу шахаанд оруулж байгаатай адил. Авлига, хээл хахуулийг бууруулна гэж байгаа бол нөгөө талдаа төрийн албаны цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлэх учиртай. Үнийн өсөлт, инфляцаас үүдэлтэй хүндрэлийг даван туулах боломжийг үр хүүхэд, ар гэрээ авч явж буй төрийн албан хаагчдадаа олгоё. Ингэхийн тулд Улаанбаатар хотын татварын бааз суурийг нэмэгдүүлж буй бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллана.

Бид төлөвлөсөн бүхий л ажлаа 2022 оноос зоригтой эхлүүлнэ. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд “Ковид-19”-тэй холбоотой тээвэр ложистикийн саатал үүсэж болзошгүй гэсэн ганц болгоомжлол байна. Гэвч бид бэрхшээлийг даван туулж, боломж бололцоог бүрэн дайчилж, хотын хөгжлийг урагшлуулахын төлөө хамтдаа, багаараа зүтгэх болно” хэмээв.

“Давхар дээл”-тэй холбоотой ҮХЦ-ийн хурал хойшлогджээ
“Давхар дээл”-тэй холбоотой ҮХЦ-ийн хурал хойшлогджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.