Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковидын хуулийн сунгалт бол Л.Оюун-Эрдэнийн шинэ ЗГ-т зориулсан томилгооны “бэлэг”

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 40 секунд

Цар тахлын хуулийг сунгах ажлыг Ардын намынхан УИХ, Засгийн газрын түвшинд өөд уруугүй “хурдлуулж” байна. Өчигдөр Засгийн газраас “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг УИХ-аар хэлэлцүүлэхийг дэмжлээ. Ингэхдээ эрх баригчид төсвийг шууд зарцуулахтай холбоотой зүйл заалтыг өөрчилж бидэнд “чулуу” хөөлгөв.

Харамсалтай нь энэ хуулийн зорилго эхнээсээ цар тахлаас сэргийлэх байгаагүй бололтой гэж хэлэхэд нэг их буруудахгүй. Яагаад гэвэл тэд төрийн албанд сонгон шалгаруулалтгүй томилох заалтаа хөндсөнгүй. Хөндөхийг ч хүссэнгүй.

Учир нь эрх баригчдыг бүрдүүлж буй УИХ-ын гишүүд тун удахгүй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт багтах гэж байгаа. Тиймээс Засгийн газрын цар тахлын хуулийн хугацааг сунгаж авах нь тэдэнд ашигтай. Төрийн албаны шаардлага хангахгүй хүнээ сонгон шалгаруулалтгүйгээр томилуулах “виз”-ээ нэгэнт чуулганы танхимд сууж байхдаа өөртөө дарчихсан хойно сайдаар томилогдсон, эсвэл томиулсан нэгнээрээ хүссэн хүнээ албан тушаалд томилох болно. Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд бүх шатны төрийн албанд шалгуур хангаагүй хүнээ “шахаж” орхино.

Хэрэв санаж буй бол өнгөрсөн долдугаар сард чуулганаар цар тахлын хуулийн хугацааг сунгах асуудал яригдах үеэр гишүүд ихээхэн шүүмжилж байсан. Харин энэ удаад өөрсдөө орох гэж байгаа тул бараг л шүүмжлэхгүй. Засгийн газрын танхимд багтахгүй зарим нэг нь болон ямарч хүчгүй хэдэн сөргүүд л бага зэрэг шүүмжлэх байх. Нэн яаралтай горимоор Засгийн газраас өргөн барих тул маш ойрын хугацаанд буюу ирэх сарын 1-ний өдрөөс урьтаж уг хуулийг УИХ-аар хэлэлцэн батлах даалгавраа биелүүлснээр бүх зүйл амар сайхандаа жаргах болно.

Товчхондоо, цар тахлын хуулийг сунгахаар эрх баригчид уулаглан дайрч буй нь өнгөрсөн хугацаанд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон хэдийгээ хамгаалахаас гадна удахгүй болох Засгийн газрын танхимын сэлгээтэй шууд холбоотой.

Ерөнхий сайд болон Ардын намын удирдлагууд эрх мэдлийг тохироогоо тун ч нарийн ширийн өрнүүлж, хүссэнээрээ улс төр хийхээр шийджээ.

Г.Лхагвадорж

С.Эрдэнэ Ардчилсан намаасаа М.Тулгатыг хөөх бололтой
С.Эрдэнэ Ардчилсан намаасаа М.Тулгатыг хөөх бололтой
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.