Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинээр томилогдсон гишүүн Н.Баасанжав, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг, Р.Онончимэг, Н.Отгончимэг нарыг хүлээн авах, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Их хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга асан Э.Батбаяр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Ундрах, Э.Зоригтбаатар, А.Отгонцэцэг, А.Насандэлгэр, Л.Энхбилэг, Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Мягмарцэрэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар болон Ажлын албаны нийт албан хаагчид оролцсон юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно” гэсэн зохицуулалт орсон. Энэ үзэл баримтлалын хүрээнд “Нийт шүүгчийн анхдугаар чуулган” 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж, шүүгч таван гишүүнийг томилсон юм. Улсын их хурлаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүнийг нээлттэйгээр сонгон шалгаруулж, томилсноор Шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаярын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан дараагийн дарга томилогдох хүртэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн хамгийн ахмад гишүүн болох Д.Зүмбэрэллхамд Шүүхийн ерөнхий зөвлөлийн тамгыг хүлээлгэн өгч, шинээр бүрдсэн зөвлөлд ажлын амжилт хүсэв.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам шинээр томилогдсон гишүүдийг төлөөлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга асан Э.Батбаярт хүндэтгэл үзүүлж, үг хэлснээр арга хэмжээ өндөрлөлөө.