Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн. Хуулийн төсөлтэй холбогдуулан хууль санаачлагч УИХ-ын гишүүн Н.Учрал Кибер аюулгүй байдлын Үндэсний төв болон Нийтийн төвийн талаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Н.Учрал "Улсын хэмжээнд төрийн онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудыг хариуцах, халдлагуудад хариу үзүүлэх зорилготойгоор улсын хэмжээнд Кибер халдлагын зөрчилтэй тэмцэх үйл ажиллагааг уялдан зохицуулах үндэсний төв ажиллана. Үндэсний төв нь тагнуулын байгууллагын дэргэд байна. Үндэсний төвийг тагнуулын байгууллагын дарга нь удирдаад ажиллана.
Харин нийтийн төв нь хувийн болон иргэдийн кибер халдлагыг хариуцаж ажиллана. Нийтийн төв нь цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байна. Энэхүү хоёр төвийг нэгтгэж үйл ажиллагаа явуулах нь ОУ-ын хэмжээнд ч зохисгүй. Энэ утгаараа Нийтийн төв, Үндэсний төв гэсэн хоёр төвтэй байх юм. Энэхүү хоёр төвийн дарга нь Кибер аюулгүй байдлын зөвлөлийн дэд даргаар ажиллах бол Ерөнхий сайд Кибер аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлнэ" гэв.