УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Хяналт шалгалтын тухай хууль эрх баригчдад хамгийн их хэрэгтэй хууль. Өөрсдийнхөө хорт хавдрыг эрт илрүүлж, дархлаагаа сайжруулах хууль байгаа юм. Төр засагт гомдол гаргадаг иргэдийн хүч хүрдэггүй. Энэ хуулийг бид 30 жил хэрэгжүүлээгүй учраас бидний нэр хүнд унасан.
Нотлох баримт өгөхгүй, худал мэдээлсэн тохиолдолд хариуцлага тооцно гэж хуулийн төсөлд заасан байна. Яг ямар хариуцлага тооцох вэ. Парламентын хуулийн хэрэгжилтийг фэйсбүүкээр л ярьдаг улс болоод хувирчихсан байна. Энэ хуулийг үүнээс гарах гарц гэж би бодож байна" гэв.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Гэрч хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, мэдүүлэг өгөхөөс татгалзсан бол Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Худал мэдүүлэг өгсөн бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээнэ. Түр хорооноос томилсон шинжээч тогтоосон хугацаанд дүгнэлт гаргаж өгөхгүй бол Зөрчлийн хуулиар хариуцлага ногдуулна" гэлээ.