Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн Тэнгис гэдэг газар аймгийн төвөөс баруун хойд зүгт 310 км, сумын төвөөс хойд зүгт 30 км-т Шишгэд голын мөс цөмөрч пургон автомашин живсэн байна.
Пургон автомашинд нүүдэл хийж явсан 2 иргэн зорчиж байсан бөгөөд амь насаа алдсан байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд пургон автомашинаар зорчиж явсан иргэдийг Шишхэд голын уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өчигдөр 39 настай эмэгтэйн цогцсыг олсон байна. Өглөөний 9 цагаас 58 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүллээ.
Тус аймагт он гарсаар мөс цөмөрсний улмаас 5 иргэн амь насаа алдсан байна. Гол мөрний ус хөлдөөгүй байгаа энэ үед иргэдийг баталгаат зам гүүрээр зорчихыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын эрэн хайх салбарын захирагч Н.Мягмарсүрэн анхааруулан сэрэмжлүүлж байна.