Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХҮНИЙ ЭРХИЙН ДЭД ХОРОО: Монголын төр нэг л нүүртэй, хэнийг ч ялгаварладаггүй байх хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 15 секунд

Хүний эрхийн дэд хороо хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй…” гэж заасан эрхийн талаар болон Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуудлыг хэлэлцсэн.

ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир "Өндөржүүлсэн болон бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед жагсаал, цуглаан зохион байгуулах талаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, бүртгээгүй гээд хууль бус жагсаал, цуглаан зохион байгуулсан иргэдэд Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлд зааснаар арга хэмжээ авсан Сүүлийн хоёр жилийн хугацаанд зарим улс төрийн нам, эвсэл, иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллага, иргэнээс улсын хэмжээнд 451 жагсаал, цуглаан, 12 удаа суулт, өлсгөлөн зохион байгуулсан байна" гэлээ.

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа "Иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нар үзэл бодлоо илэрхийлж, жагсаал, цуглаан хийхэд цагдаагийн байгууллагаас зөвшөөрөлгүй, бүртгэлгүй жагсаал, цуглаан зохион байгуулсан гэх үндэслэлээр тэдэнд шаардлага хүргүүлсэн. Улмаар цар тахлын үед хэрэгжүүлж буй хууль, дүрмийг зөрчиж, зөвшөөрөлгүй олон нийтийг цуглуулсан гэх шалтгаанаар байцаалт мэдүүлэг авахаар түр саатуулсан, цагдан хорьсонтой холбогдуулан Хүний эрхийн үндэсний комиссоос авч хэрэгжүүлсэн ажиллагааны талаар болон иргэн С.Жавхлан улс төрийн суулт зохион байгуулж байгаад эмнэлгийн тусламж авч, суултаа зогсоосон явдалд анхаарал хандуулан ажиллаж байна" гэсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг жагссан гэж хорьсон уу, гэмт хэрэг үйлдсэн гэж хорьсон уу, ямар үндэслэлээр хорьсон бэ, “No naadam” жагсаалыг гадны санхүүжилтээр хийсэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр явсан нь бодитой юу, хорих ял эдлүүлэх байр руу дайрч орж, хоригдож буй хүнийг булаан авсан явдал үнэхээр болсон уу гэдгийг тодрууллаа.

Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат "Иргэн Э.Одбаяр цагдаагийн байгууллагын шаардлага эсэргүүцсэн үйлдэлд өмнө нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгаж байсан тул хойшлуулшгүй арга хэмжээ авч цагдан хорьсон"

ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир "Зөвшөөрөлгүй жагсаал цуглааныг тухайн иргэд идэвхтэй явуулсан. Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх нэрийдлээр хууль бус жагсаал, цуглаанд бусдыг уриалсан, бусдыг гутаан доромжилсон, цагдаагийн байгууллагын шаардлагыг биелүүлэхээс татгалзсан зэрэг үндэслэлээр тэднийг цагдан хорьсон. Цагдаагийн байгууллага хуулийн хүрээнд ажилласан. “No naadam” жагсаалтай холбоотой ямар нэг хэрэг, зөрчил шалгагдаагүй" гэсэн юм.

Төгсгөлд нь Хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хүний эрхийн асуудлаар Монголын төр нэг л нүүртэй байх ёстой, хэнийг ч ялгаварладаггүй байх ёстой. Иргэдээ итгэл үнэмшилтэй байсны төлөө, үзэл бодлоо илэрхийлсний төлөө цагдан хорихгүй байх бодлогоо Монголын төр зарласан. Итгэл үнэмшлийг цагдан хорихгүй гээд төрийн бодлого тодорхой байхад торгох ял авах хүнийг цагдан хорьдог байж таарахгүй. Хэрэг шалгах ажиллагааны зарчимд нийцэх үү гэдгийг бодоорой гэдгийг холбогдох байгууллагын албан тушаалтнуудад анхааруулж, хүний эрхийн тэмцэлд төгсгөл гэж байхгүйтэй адил Хүний эрхийн дэд хороо хүний эрхийн асуудлаар хуралдах нь хэзээд нээлттэй гэсэн байр суурийг илэрхийлэн Дэд хорооны хуралдааныг өндөрлүүлэв.

ЗГ: 420 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх хотын түгжрэлийг бууруулах төлөвлөгөөг хэлэлцэж байна
ЗГ: 420 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх хотын түгжрэлийг бууруулах төлөвлөгөөг хэлэлцэж байна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.