Ковидын түр хороо хуралдаж байна. Хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Шадар сайд С.Амарсайхан нар мэдээлэл өглөө. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "УОК стандартаа мөрдүүлэхгүй байгаад шүүмжлэлтэй хандмаар байна. Та бүхэн эдийн засгаа бодож байна гээд бизнесийн байгууллагуудаа нээж байгаа мөртлөө стандартаа мөрдүүлэхгүй байгаагаас болж эргээд ковидын өвчлөл, нас баралт нэмэгдээд долоо хоног бүр нэг онгоцны сүйрэл болж байгаа мэт хүн амиа алдаж байна. Үүнд дүгнэлт хийх хэрэгтэй байна. Эдийн засгаа бодож байгаа ч стандартаа давхар мөрдүүлэх хэрэгтэй" гэлээ.
УОК-ын дарга С.Амарсайхан "Иргэд харамсалтайгаар амь насаа алдаж байгаад дасан зохицсон зүйл үгүй. Эмнэлгийнхэн маань бүх нөөц боломжоо ашиглан ажиллаж байгаа. УОК-оос нас баралтыг бууруулахын тулд бүхий л арга хэмжээг аван ажиллаж байгаа. Цаашдаа ч нас баралтын бууруулахтай холбоотой шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байх болно. Эрүүл мэндийн салбар харсаар байгаад иргэдээ өвчнөөр алдаад байна гэж хэлж болохгүй.
УОК, Засгийн газар цаг үетэйгээ уялдуулан боломжтой, шаардлагатай бүх арга хэмжээгээ түргэн шуурхай, уян хатан байдлаар авч хэрэгжүүлж байна. Вирус анх дэгдэж байхад болон хөл хорионы үед үйллчилж байсан дүрэм журмууд өнөөдөр цаг үетэйгээ нийцэхгүй байгаа. Эрүүл мэндээ бодсон ч, эдийн засгаа бодсон ч иргэдээ өвөл зунгүй хатуу хөл хорионд байлгах ямар ч боломжгүй " гэв.