Парламентын сэтгүүлчид ЕТГ, ЗГХЭГ, УИХ-д хэвлэн мэдээлэх эрх чөлөөгөөр хангаж өгөхийг хүсч шаардлага хүргүүллээ. Улмаар төв талбайд ажлын үнэмлэхээ өлгөж эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Тодруулбал, сэтгүүлчид төрийн ордонд хөл хориогүй нэвтэрч, мэдээллийг түргэн шуурхай, үнэн бодитой, иргэдэд дамжуулах эрхээр хангах шаардлагыг хүргүүлсэн юм.
Энэ үеэр сэтгүүлч Ч.Лодойсамбуу, "Одоогоор бүх эрх мэдэл Засгийн газарт бий. Парламент хэрэггүй болчихсон. Бид үүнийг сурвалжлах, ярих, гишүүдийн байр суурийг сонсох шаардлага бий. Олон мянган хүнийг төлөөлөөд ороод ирсэн гишүүд тул үүргээ биелүүлэх хэрэгтэй. Гишүүд өөрсдөө хүсвэл гарч ирээд ярьдаг болсон. Ярилцлага өгөх эсэх нь тухайн хүний эрх ч гэлээ УИХ-ын гишүүн гэдэг бол олон нийтээс сонгогдсон ажилтан юм. Иймд тухайн гишүүнээ ажлаа хийж байна уу, үгүй юу гэдгийг сонгосон иргэд нь мэдэх эрхтэй. Харин тухайн гишүүн ярих дургүй байвал "Би ярьмааргүй байна" гэж хэлэх эрхтэй. Сэтгүүлчдэд нээлттэй болно гээд хоёр жил боллоо. Одоо төсөв хэлэлцэх хариуцлагатай үед сэтгүүлчдийг хорьдог. Өрөөнөөсөө гардаггүй байдлаа болихыг шаардаж байна" гэлээ.