Сэтгүүлчид өнөөдөр /2022.06.13/ Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж байна. Ингэхдээ хэвлэн нийтлэх эрх, иргэдийн мэдэх эрхэнд халдахгүй байхыг шаардаж буй юм.
Энэ үеэр news.mn сайтын Ерөнхий редактор Ш.Оюунчимэг "Өнөөдрийн жагсаалаар ямарваа нэгэн албан тушаалтныг огцруулах шаардлага тавиагүй. Гагцхүү олон нийтийн мэдэх эрх, хэвлэл мэдээллийн бодит мэдээллийг хүргэх эрхээр хангаж өгөхийг шаардаж буй юм. Сэтгүүлч Гэрэлмаад тохиолдсон явдал нь зөвхөн нэг удаагийнх биш. Өмнө залуусын жагсаалын үеэр сэтгүүлчийн биед халдсан тохиолдол ч гарсан. Сүүлийн үед ямар нэгэн үйл ажиллагааг дамжуулсан сэтгүүлч нарын хийж буй бичлэг мэдээллийг устгах, зүй бус харьцах тохиолдлууд гарсаар буй. Энэ байдал нь Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө 22 индексээр ухрах нөхцөл бүрдсэн гэж харж байгаа юм.
Сэтгүүлч Гэрэлмаа болон зураглаачийн бичсэн дүрс бичлэгийг устгасан талаар хуулийн байгууллага тайлбарлах ёстой. Хэвлэл мэдээллийн байгууллага аливаа мэдээллийг бодитой хүргэх ажиллагаанд цагдаагийн байгууллага саад учруулахгүй байхыг хүсч байна. Хэвлэлийн эрх чөлөө яагаад 22 байраар ухрав, цаашид олон нийтэд мэдээлэл хүргэх эрхийг хэрхэн хангах вэ гэдгийг дүгнэлт хийх цаг болсон" гэв.