Нийт нутгаар цочир хүйтэрч, зарим нутгаар цас орсонтой холбогдуулан ургац хураалтын ажил хэрхэн үргэлжилж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас тодрууллаа.
-Ургац хураалтын ажил өнөөдрийн байдлаар хэдэн хувьтай явж байна вэ?
-Энэ онд нийт 660,000 га-д тариалалт хийгдсэн. Үүнээс 389,000 га-д улаан буудайн тариалалт хийгдсэн. Одоогийн байдлаар улаан буудайн ургац хураалт 15 хувьтай, хүнсний ногооны хураалт 50 орчим хувьтай үргэлжилж байна. Ноднин жилийн энэ үетэй харьцуулахад ургац хураалт ижил түвшинд явж байна. Өнөөдрийн байдлаар 10,000 гаруй оюутан залуус, цэрэг ургац хураалтын ажилд оролцож байна.
-Урд шөнөөс эхлэн нийт нутгаар хүйтэрлээ. Энэ нь ургац хураалтын ажилд хэрхэн нөлөөлөх вэ?
-Урд шөнийн хүйтрэлтийн хувьд Сэлэнгэ аймгийн зүүн хойд болон баруун урд хэсэг, Төв аймгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орсон. Энэ цас хайлсан учраас ургац хураалтын ажил маргаашнаас эргээд жигдэрнэ. Одоогийн байдлаар тариа налсан мэдээлэл байхгүй.
-Болцын хувьд ямар байгаа вэ?
-Ургац хураалтын ажил 10 гаруй хоногоор хоцорч эхэлсэн. Энэ жилийн хувьд чийг их байгаа учраас улаан буудайн болц 10 гаруй хоногоор оройтсон. Тиймээс ихэнх тариаланчид ангилан хадалт хийж байгаа.
-Болц 10 гаруй хоногоор хоцорч байгаа нь гурилын үйлдвэрийн нийлүүлэлтийн чанарт нөлөөлөх үү?
-Бүс нутгаасаа хамаарч өөр өөр байдаг. Жишээ нь Улаанбаатар хотоос баруун талруугаа ургацын чанар сайн байна. Харин хойд буюу Дархан хэсгийн улаан буудай бага зэрэг чийгтэй байгаа юм. Гурилын үйлдвэрүүд улаан буудайгаа авч байгаа. Нийт 589,000 тонн улаан буудай хурааж авна. Цаг уур, эрсдэлийг тооцоод улаан буудайны хэрэгцээг ямартай ч 100 хувь хангах урьдчилсан тооцоо гаргасан.
-Ургац хураалтын ажил ирэх сардаа багтаж дуусах боломж бий юу?
-Ургац хураалтын ажил 10 дугаар сарын 15-20-ны хооронд дуусдаг. Энэ жилийн хувьд 10 хоног хойшилсан учраас 11 дүгээр сарын 1 гэхэд ургац хураалтын ажил жигдрээд дуусах тооцоололтой байна.
-Тоног төхөөрөмж болон хүний нөөцийн асуудал бий юу?
-Түрүүн хэлсэнчлэн 10,000 хүн ажиллаж байгаа. Энэ тал дээр асуудал үүсээгүй. Тоног төхөөрөмжийн хувьд хөдөөн аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалиар чөлөөлснөөр 50 орчим комбани шинээр орж ирэн ургац хураалтын тоног төхөөрөмж шинэчлэгдсэн. Энэ хэмжээгээрээ ургац хураалтын ажил илүү сайжирна.