ОХУ болон БНХАУ-аас энэ сарын 27-30-нд нийт 9750 орчим тн АИ-92 автобензин оруулж ирнэ. Энэ нь манай улсын АИ-92 автобензиний ердийн хэрэглээний найм хоногийн нөөц гэдгийг УУХҮЯ мэдээлэв.
Аи-92 автобензиний хангамжийг бусад эх үүсвэрээс хангах, нөөцийг нэмэх хүрээнд БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” ХХК-ийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 43,440 тн шатахуун (автобензин 33,300 тн, дизелийн түлш 10,140 тонн) худалдан авах захиалга өгсөн.
БНХАУ-аас импортлох 724 вагоныг төмөр замын хуваарьт оруулах, төмөр замын тээврийг саадгүй, шуурхай гүйцэтгэх, Замын-Үүд боомтоор яаралтай татан авах талаар ГХЯ, ЗТХЯ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, УБТЗ, шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж болон бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна.
Ингэснээр БНХАУ-аас Монгол Улс руу шатахуун тээвэрлэх 150 вагоныг тус улсын энэ сарын төмөр замын хуваарьт нэмэлтээр оруулж, эхний 2750 тн АИ-92 автобензин ачсан 50 вагон энэ сарын 25-ны орой Хөх хотоос хөдөлж, өчигдөр Зам-Үүд боомтоор орж ирсэн. Оройноос 25 вагоныг шилжүүлэн ачиж дуусжээ.
Хоёр дахь ээлжийн АИ-92 автобензин ачсан 50 вагон өчигдөр орой Хөх хотоос хөдөлж, өнөөдөр 11-12 цагийн үед Эрээн боомтод ирж, үдээс хойш 17 цагийн орчим хилээр оруулж ирэх төлөвтэй байна.
Хөх хотын боловсруулах үйлдвэр дээр дараагийн 50 вагоны ачиж байгаа бөгөөд дуусмагц БНХАУ-ын Эрээн боомт руу хөдөлгөх талаар шуурхай ажиллаж байна. БНХАУ-аас энэ сард багтаан, гурван удаагийн ачилтаар 150 вагон, нийт 8250 тн АИ-92 автобензин импортоор оруулж ирэх юм.
Мөн ОХУ-ын “Роснефть” компанитай энэ сарын 23-нд хийсэн уулзалт, хэлэлцээрийн үеэр 9 дүгээр сард яаралтай нийлүүлэхээр тохирсон 1500 тн АИ-92 автобензиний эхний ээлж 1210 тн автобензин ачсан 20 вагон урд шөнө Улаанбаатар хотын Толгойт өртөөнд ирснийг шатахууны агуулахуудад хуваарилжээ. Үлдсэн 300 орчим тн АИ-92 автобензин ачсан 5 вагон замдаа явж байгаа аж.