Сүүлийн өдрүүдэд Монголын боксын холбооноос гаргасан МУГТ, Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатарыг хөөх шийдвэртэй холбоотой мэдээллүүд олны анхаарлын төвд байна. Тэгвэл үүсээд буй асуудлуудтай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монголын боксын холбооны Ерөнхийлөгч Х.Нямбаатар тайлбар өглөө.
Тэрбээр "Есдүгээр сарын 5-ны өдөр Монголын боксын холбооны бага хурал болсон. Бага хурлаар намайг Боксын холбооны Ерөнхийлөгчөөр сонгосон. Бага хурал дууссаны дараа "Элит" төвд 130 хүн хоолонд ороод тарсан. Ням гарагийн шөнө 02:30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага ирсэн байдаг. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага очиход тэнд цаг хэтрүүлж сууж, архидан согтуурсан, зодолдсон байдалтай байсан. Цагдаагийн байгууллагаас тухайн үед зөрчил гаргасан хүмүүсийг саатуулан шалгаж байна гэсэн мэдээлэл байна.
"Улаан бал" нэвтрүүлгийн шторк дээр Монголын боксын холбооны хурлын миний бие зохион байгуулж, хоол идүүлж, архидалт зохион байгуулсан мэтээр эвлүүлэг монтаж явуулсан байна. Тухайн үед ямар ч тийм үйл явдал болоогүй. Нэвтрүүлгээ олон хүнд хүргэхийн тулд монтаж хийж, сэвсэн зүйл харагдаж байгаа.
Монголын боксын холбооны удирдах зөвлөл 19 гишүүнтэй. Удирдах зөвлөлөөс удаа дараа Э.Цэндбаатартай холбоотой сануулга, анхааруулгах өгөх асуудал яригдаж байсан юм билээ. Найрамдал зусланд болсон улсын шигшээ багийн цугларалтыг хаяж явсан. Ковид-19-ийн үеийн халдвар хамгааллын дэглэм зөрчсөн. Өнгөрсөн жил сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэсэн, Хандгайтад болсон цугларалтыг орхин явж зодоонд холбогдсон. Ойролцоогоор Э.Цэндбаатартай холбоотой 4-5 зөрчил байсан. Үүнтэй холбоотойгоор бусад баг тамирчиддаа буруу үлгэр дууриалал үзүүлж байгаа хэмээн үзэж УЗ-ийн гишүүд саналаа оруулж ирсэн. Би хурлыг даргалж, хамтын шийдвэр гаргасан.
Шигшээ багт аль эсвэл боксын спортоор хичээллэж байгаа тамирчид дундаас Э.Цэндбаатараас өөр нэг ч хүн байгаагүй. Бусад нь бүгд зодог тайлсан хүмүүс байсан гэх мэдээлэл өгсөн.
Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэр зөв гэдэгт одоо ч бат байр суурьтай байгаа. Яагаад гэвэл спорт бол сахилга бат байдаг. Хэрвээ сэтгүүлч Ч.Лодойсамбуугийн хэлж байгаачлан Монголын боксын холбооны шийдвэрийг өөрийнхөөрөө тайлбарлаад байвал холбоо байх шаардлагагүй" гэлээ.