Макаогийн Засгийн газар 2017 оноос “Бүс ба Зам” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл Монгол улсаас Хонконгт суугаа Ерөнхий консулын газраас хүсэлт тавьсны дагуу уг тэтгэлэгт хөтөлбөрт 2022 оны хичээлийн жилээс эхлэн монгол оюутнуудыг хамруулахаар шийдвэрлэснээ Макаогийн тал албан ёсоор илэрхийлжээ.
Өнөөдрийн байдлаар 9 орны оюутнууд энэхүү тэтгэлэгт хамрагдаж Макаогийн Их дээд сургуулиудад суралцаж байна. Тэтгэлгийг Макаогийн шилдэг 6 их дээд сургуульд бакалаврын түвшинд суралцах оюутнуудад олгодог бөгөөд нэг хичээлийн жилд 100.000 макао патака (ойролцоогоор 35 сая төгрөг)-ийн тэтгэлгийг дөрвөн жилийн турш олгох юм.
-Макаогийн Их сургууль (The University of Macau),
-Макаогийн Шинжлэх ухаан, технологийн их сургууль (Macao University of Science and Technology),
-Макаогийн Сити их сургууль (City University of Macau),
-Гэгээн Жозефийн их сургууль (University of St. Joseph),
-Макаогийн Политехникийн институт (Macao Polytechnic Institute)
-Макаогийн Аялал жуулчлал судлалын их сургууль (Macao Institute of Tourism Studies) гэсэн 6 их сургуульд монгол оюутнууд тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ илгээх боломж нээгдэж байна.