Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хоёр жилийн хугацаанд зогсонги байдалтай байсан зоогийн газар, ресторанууд хоол үйлвдвэрлэлийн салбарынхныгаа халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх, заасан дүрэм журмыг зөрчихгүй байх уриалга дэвшүүлжээ. Мөн хотын удирдах байгууллагуудад цагийн хуваарьт өөрчлөлт оруулахгүй, үйл ажиллагааг цаашид хэвийн явуулах уриалга гаргасан байна.
Тодруулбал, Монголын Ресторан Зоогийн Газрын Холбооноос "Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын үйл ажиллагаа цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан нийт 106 хоног бүрэн зогсож, 380 хоног 20:00-22:00 хүртэл цагийн хязгаарлалттай, 31 хоног зөвхөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлж ажиллахын зэрэгцээ тогтмол 50 хувиас хэтрэхгүй суудлын дүүргэлттэйгээр ажиллаж байна. Мөн өнгөрсөн 2 жилийн хугацаанд салбарын борлуулалтын орлого 60 хувь буурч, ажиллах хүчний тоогоо 40 хувь бууруулсан ба нийт ресторан, зоогийн газрын 25 хувь нь хаагдсан хүнд цаг үе үргэлжилж байна.
Улаанбаатар Хотын Захирагчийн ажлын алба, харъяа дүүргүүдийн үйлдвэр үйлчилгээний хэлтэстэй хамтран Ресторан, зоогийн газар болон хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарын аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгч нартай 2021 оны зургаадугаар сарын 26-ны өдрөөс эхлэн “Хариуцлагын гэрээ” байгуулан, үйл ажиллагааг шат дараалалтай нээж, 2021 оны долдугаар сарын 29-ний өдрөөс цагийн хуваарийг 00:00 цаг болгосон билээ.
Мөн цаашид хүлээн авалт, эвент, диско бар, караоке зэрэг 50 гаруй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шат дараалалтай нээх боломжийн талаар Монголын Ресторан, Зоогийн газрын холбооны зүгээс холбогдох байгууллагуудад саналаа хүргүүлэн, хамтран ажиллаж байгаа болно.
Энэхүү хүнд цаг үед эрх бүхий байгууллагуудаас ресторан, зоогийн газрын үйлчилгээг үе шаттайгаар нээн, итгэл хүлээлгэн, дэмжиж буй боловч зарим аж ахуйн нэгж цагийн хуваариа хэтрүүлэх, халдвар хамгааллын дэглэм зөрчих, караоке, диско бар буюу зөвшөөрөгдөөгүй чиглэлээр үйлчилгээ үзүүлэх зэргээр хариуцлагын гэрээгээ зөрчиж байгаа нь салбарын бусад 3’500 гаруй аж ахуйн нэгж, 25’000 ажилтны нэр хүнд, эрх ашигт халдаж буй туйлын хариуцлагагүй үйлдэл болохыг онцлон сануулж байна. Мөн нийт үйлчлүүлэгч нараас ажилтнуудын тавьж буй шаардлага, урьдчилан сэргийлэх журмыг хүндэтгэн үйлчлүүлэхийн зэрэгцээ алдаа, дутагдалтай зүйл байвал санал зөвлөмжөө өгч байхыг хүсэж байна.
Монголын Ресторан Зоогийн Газрын холбооны нийт гишүүд, аж ахуйн нэгжүүдийг төлөөлөн салбарын үйл ажиллагаа идэвхижиж эхлэж буй энэ цаг үед үйлчилгээний зөвшөөрөгдсөн чиглэл болон цагийн хуваарьт дахин өөрчлөлт оруулахгүй, хязгаарлалт тогтоохгүй байхыг УОК, НОК болон Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас хүсэж буйгаа уламжилъя.
Цаашид хичээлийн шинэ жил эхэлж, оюутан залуучууд олноор цуглаж буй хариуцлагатай цаг үед салбарын ААН, бизнес эрхлэгч, ажилтан бүрт хандан халдвар, хамгааллын дэглэмээ сайтар баримталж, коронавирусын эрсдлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна. Түүхэн 100 жилийн ой тохиож буй худалдаа, үйлчилгээний салбарын нийт ААН, ажилтнууд цар тахлын энэхүү хүндрэл, бэрхшээлийг хамтын хариуцлага, Төр - Хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд даван туулна гэдэгт найдаж байна.
Нийгмийн эрүүл мэндийн төлөө холбогдох журам, хариуцлагын гэрээгээ чандлан сахин биелүүлэх нь салбарын нийт төлөөлөл, ажилтан бүрийн хариуцлага болохыг ухамсарлан ажиллахыг уриалъя" гэжээ.