Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ӨГЛӨӨНИЙ СУРВАЛЖИЛГА: Эртэч залуус гирийн спортоор хичээллэж өглөөг угтаж байна

Ангилал
Нийгэм Спорт Сурвалжлага
Огноо
Унших
6 минут 21 секунд

Эрүүл амьдралын хэв маяг өглөө гэх үгтэй салшгүй холбоотой. Улаанбаатар хот маань дэлхийн бусад метрополис хотуудын адил "Өглөөний хот" гэх тодотголтой болохоор аажмаар зэхэж буй. Эрч хүчээр дүүрэн өглөөний амьдралын хэв маягийг нийтийн түвшинд хүргэхээр түүчээлдэг хүмүүс бол тамирчид, спортоор хичээллэгчид байдаг билээ.

Тэгвэл энэ удаад Монгол Улсад дэлгэрээд төдийлөн олны анхааралд өртөөгүй байгаа гирийн спорт сонирхогчдын нэг өглөөний дасгалыг сурвалжиллаа.

Гирийн спорт сонирхогчид өглөөний дасгалаа 06.00 цагаас эхэлдэг бөгөөд долоо хоногт 3-4 удаа цуглаж дасгал хийдэг аж. Өглөөний Улаанбаатар хот нам гүмхэн. Хан-Уул дүүрэгт байрлах нэгэн нийтийн эзэмшлийн спортын талбайд товлосон цагтаа нэг нэг "гири"-ээ барьсаар тал талаас цуглах залуусыг энэхүү спорт нэгтгэж буй.

ОХУ-аас гаралтай гирийн спорт (гиревой спорт) -ыг олон улсад kettlebell lifting буюу данх өргөлт хэмээн нэрлэдэг аж. Энэ нь хүндийг өргөлтийн спортын нэг төрөл бөгөөд гирийг дээш огцом өргөхөөс гадна олон төрлөөр хичээллэж болдог байна.

-ГИРИЙН СПОРТ НЬ ХҮНИЙ БИЕИЙН БҮХ ХЭСГИЙН БУЛЧИНГ ЗЭРЭГ АЖИЛЛУУЛДАГ-

Гирийн спорт сонирхогч К.Ганзориг, "Гирийн гол онцлог нь Оросын ард түмний спорт юм. Гирээ хаана ч авч яваад хичээллэх боломжтой. Гэртээ хийж болно. Хөдөө, гадаа ч аваад явж болно. Хүний биеийн бүх хэсгийн булчин зэрэг хөдөлнө. Зүрх судас, уушги гээд дотор эрхтнүүдэд эерэг нөлөөтэй гээд олон төрлийн давуу талтай. Энэхүү спортыг бүх нийтийн спорт болговол зүгээр. Тэр тусмаа манай хүчний байгууллагынхан, спортынхон хичээллэх хэрэгтэй.

Манай "Монголын Гирийн Спорт Сонирхогчдын Холбоо" гээд фэйсбүүк грүүпийн гишүүд тогтмол цуглаж гирийн спортоороо хичээллэхээс гадна хамтдаа дугуйн аялал зохиох, ном солилцож унших, гитар тоглож сурах зэрэг өөрсдийгөө хөгжүүлэх арга хэмжээ хийдэг. Мөн нэг чухал зүйл нь хүмүүс энд 06.00 цагаас цуглаж бэлтгэлээ хийгээд эндээ цайгаа уучихаад 07.00-08.00 цаг гээд ажилдаа яваад өгдөг. Зарим хүмүүс хэтэрхий эрт байна гэдэг. Гэхдээ спортоор хичээллэхэд нэг мэдүүштэй зүйл нь өглөөний цэвэр агаарт дасгал, хөдөлгөөн хийх нь маш чухал. Өглөөний 06.00 цагийн үед шөнөжин хүчилтөрөгчөөр баяжсан агаар тэр чигтээ байдаг. Тэрхүү агаар нь 07.00-08.00 цагийн үед сарнидаг юм. Тийм учраас хүчилтөрөгчөөр баяжсан энэ цэвэр агаараар амьсгалаад, дасгал хөдөлгөөн хийх нь чухал" гэв.

Голдуу 30-40 насны залуус энэхүү спортыг сонирхож хийдэг хэмээн дасгал хийж буй залуус дуу нэгтэйгээр хэлж байв. Гэсэн хэдий ч 50-60 насны төлөөллүүд болон өвсөр насны хүүхдүүд ч өөрт тохирох жингийн гири барин дасгал хийж байлаа.

-ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨНДЛӨН БУЛЧИНГУУДЫГ САЙН АЖИЛЛУУЛЖ ӨГДГӨӨРӨӨ ОНЦЛОГ-

Дээр дурдсанчлан нас насны төлөөллүүд гирийн спортоор хичээллэж байсан ба эмэгтэйчүүдийн төлөөлөл ч мөн цөөнгүй харагдлаа. Тэдний нэг болох Д.Номинчулуун, "Гирийн спортоор хичээллээд нэг жил орчим болж байна. Долоо хоногтоо гурваас дөрвөн удаа хичээллэж байна. Энэ спортоор хичээллэхээс өмнө эгч нь бага зэрэг илүүдэл жинтэй байсан юм. Энэ спортын бусад спортоос ялгагдах гол онцлог нь хүний биеийн бүх булчингийн 96 хувь нь ажилладаг. Тэр тусмаа ууц нуруу, өвдөг тохойны үе болон дотор эрхтнүүдэд сайн. Мөн эмэгтэйчүүдийн хөндлөн булчингуудыг сайн ажиллуулж өгдгөөрөө онцлог" гэлээ.

-ӨГЛӨӨНИЙ ЦАЙНДАА...-

06.00 цагаас эхэлсэн бэлтгэл 07.00 цагийн алдад өндөрлөн гирийн спорт сонирхогчид өглөөний хөнгөн цайгаа уухаар бүгд гараа ариутган, ширээнд дөхөж суув. Спортоор хичээллэгчид хүнд хоолноос илүүтэйгээр жимс, чанасан өндөг, хар талх, тахианы мах зэргээр цайлах нь эрүүл амьдралын хэв маяг гэх үгийг дахин сануулах шиг боллоо.

50 настнуудын төлөөлөл Ш.Төмөрсүх, "Долоо хоногт хоёр удаа хийж байна. Хичээллээд гурван долоо хоног болж байна. Эхэндээ 8 кг-ыг өргөхөд хүнд санагддаг байсан бол одоо 25 кг-ыг өргөж байна. Хүүхэд залуусаа спортоор хичээллээрэй гэж уриалж байна" гэсэн юм.

Мөн өсвөр настнуудын төлөөлөл 15 настай О.Содбилэг, "Аавтайгаа хамт хоёр дахь удаагаа ирж байна. Манай үеийнхэн ихэвчлэн сагс сонирхдог. Над шиг анх суралцаж байгаа хүүхдүүд техникээ зөв сурах хэрэгтэй гэж бодож байна. Техникээ зөв сурчихвал гирээрээ 300-400 төрлийн дасгал хийж, биеэ хөгжүүлэх боломжтой" гэв.

Эрэгтэй, эмэгтэй нас насны гирийн спорт сонирхогчидтой ярилцахад "Энэ спортоос хаях зүйл үгүй, бүх нийтээр хичээллэх хэрэгтэй" хэмээх үгийг дуу нэгтэйгээр хэлж байлаа.

Шуудхан хэлэхэд сагсан бөмбөг, хөл бөмбөг, бөх зэрэг монголчуудын шимтэн хичээллэдэг спортуудыг бодоход "уйтгартай" мэт боловч төрөл бүрийн давуу талтай энэхүү спортын хамгийн том давуу тал нь хугацаа болоод нэмэлт техник хэрэгсэл, орчин шаарддаггүй мөртөө хүний биед үзүүлэх тус нөлөө нь хэмжээлшгүй их юм гэж бодогдов.

Сурвалжилсан: Б.Амарбаясгалан

С.Амарсайхан: Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна
С.Амарсайхан: Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.