Хөшигийн хөндийн нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд зохион байгуулж буй газар чөлөөлөлтөөр 435 иргэн, хуулийн этгээдийн газрын эзэмших эрхийг цуцлах урьдчилсан тооцоо гаргажээ.
Газар чөлөөлөх хугацаа энэ сарын 15-нд дуусах бөгөөд дээрх иргэн, хуулийн этгээд нь Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж, тайлбар саналаа өгөх шаардлагатай байгаа аж.
“Энэ хугацаанд тайлбар саналаа ирүүлээгүй тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно. Сонсох ажиллагаа нь иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах арга хэмжээ” гэдгийг Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын орлогч дарга М.Буяндэлгэр Хөшигийн хөндийн нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд зохион байгуулж буй газар чөлөөлөлтийн явцыг танилцуулахдаа онцлов.
Эрх ашиг нь зөрчигдөж буй иргэн, хуулийн этгээдэд газар чөлөөлөлтийн нөхөн олговор тооцох, чөлөөлөх газрыг тодорхойлох талаар сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн дагуу зохион байгуулж байна.