Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Вакцинаас үүдэн сарын тэмдэгт өөрчлөлт орсон гэж бодож байвал МЭРГЭЖЛИЙН ЭМЧИД ХАНД

Ангилал
Нийгэм COVID-19 Сурвалжлага
Огноо
Унших
5 минут 37 секунд

“Эрүүл явбал мянган лан” гэдэгчлэн хүн бүр эрүүл мэнддээ онцгойлон анхаарах болсон. Цар тахлын нөлөөнөөс үүдэн улс орнууд иргэдээ идэвхтэйгээр вакцинд хамруулаад байгаа. Үүнтэй зэрэгцэн манай улсын иргэд ч вакциндаа хамрагдаж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлээд байгаа юм.

Гэтэл вакцины сөрөг нөлөө юу эсвэл ихэнх эмэгтэйчүүд сарын тэмдгийн асуудалтай болчихсон уу гэмээр нийтлэг шинж тэмдэг илрээд байгаа нь олон эмэгтэйчүүдэд тулгамдсан чухал асуудлуудын нэг болоод байгаа юм. Иймээс тэдгээр бүсгүйчүүдэд туслах зорилгоор дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Вакцинаас үүдэн сарын тэмдэгт өөрчлөлт орсон гэж бодож байвал МЭРГЭЖЛИЙН ЭМЧИД ХАНД

Охид, бүсгүйчүүдийн хувьд нийтлэг тохиолдоод байгаа зүйл бол яахын аргагүй сарын тэмдгийн асуудал. Тухайлбал, сарын тэмдгийн мөчлөг алдагдах, хэт өвдөлттэй ирэх, их бага ирэх зэрэг асуудлууд нь вакцины сөрөг нөлөөтэй холбоотой байх боломжтой гэж эмэгтэйчүүд үзэж байгаа юм. Учир нь дээрх шинж тэмдгүүд өмнө нь огт илэрч байгаагүйн дээр вакцины эхний болон хоёрдугаар тунд хамрагдсан эмэгтэйчүүдэд илэрч байгаа учир вакцинаас үүдсэн болов уу гэсэн хардлагыг төрүүлээд байгаа аж. Энэ талаар эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмчээс тодруулахад,

“Сарын тэмдгийн өөрчлөлт нь хэд хэдэн шалтгаантай. Зөвхөн вакцинаас үүдсэн гэж хэлэх боломжгүй. Хэрэв сарын тэмдэгт өөрчлөлт орох, удаан хугацаанд ирэхгүй байх, хэт өвдөлттэй ирэх зэрэг асуудал тулгарч байвал мэргэжлийн эмчид хандан, зөвлөгөө авах шаардлагатай. Учир нь сарын тэмдгийн асуудлыг үзлэг, шинжилгээ хийж байж юунаас үүдсэнийг нь тогтоож, эмчилгээ хийдэг. Тиймээс вакцинаас үүдэн сарын тэмдэгт өөрчлөлт орсон гэж бодож байгаа бол мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авах хэрэгтэй. Эмчийн зүгээс дур мэдэн анхан шатны зөвлөгөө өгөх боломжгүй учир заавал ирж зөвлөгөө авах нь чухал. Мөн дээр нь өөрсдөө дур мэдэн эмчилгээ хийхгүй байхыг хүсье” гэв.

Сарын тэмдэг алдагдлын талаар мэргэжлийн хүмүүс зөвлөгөө өгөх хэрэгтэй

Тэгвэл уг асуудал тулгараад буй нэгэн эмэгтэй /нэрээ нууцлахыг хүсэв/ “Сарын тэмдэг ирэхгүй хоёр сар болж байна. Өнгөрсөн тавдугаар сард вакцины хоёрдугаар тунг хийлгэсэн. Вакцин хийлгэсний дараагийн буюу зургаадугаар сард сарын тэмдэг ирэхгүй болохоор нь “нэг сардаа ирэхгүй байж болдог” гэж сонссон учир анхааралгүй орхичихсон. Гэтэл өнгөрсөн долдугаар сард ч мөн сарын тэмдэг ирээгүй. Тиймээс эмэгтэйчүүдийн эмнэлэгт хандсан. Эмч үзлэг хийж, зөвлөгөө өгч, эм бичиж өгсөн ч сарын тэмдэг маань одоо болтол ирээгүй байна. Ахин эмчдээ хандахад удахгүй ирнэ, хүлээж бай гэх хариултыг өгсөн. Цаашид ирэхгүй бол ахин хэнд хандахаа мэдэхгүй байна. Дээр нь зарим эмэгтэйчүүдэд өөр өөр шинж тэмдгүүд илэрч байна гэж дуулдсан. Тиймээс энэ тал дээр мэргэжлийн хүмүүс зөвлөгөө өгөх хэрэгтэй болов уу” гэсэн юм.

Сарын тэмдгийн асуудлаас гадна жирэмсний бага сартайгаа мэдэхгүйгээр маш олон эмэгтэй “СOVID-19”-ийн эсрэг вакцинд хамрагдсан талаараа цахим орчинд илэрхийлээд байгаа. Тэгвэл энэ талаар АШУҮИС-ийн нөхөн үржихүйн тэнхимийн эрхлэгч Д.Мөнхцэцэг мэдээлэл өгч байсан.

Тодруулбал, “СOVID-19”-ийн эсрэг вакцин жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүдэд сөрөг нөлөөгүй. Вакцин эх урагт нөлөөлөх хэмжээний амьд вакцин биш шүү дээ. Коронавирус урагт мөн жирэмслэлтэд нөлөөлөхгүй. Мөн судалгаагаар хөхүүл ээж вакцин хийлгэхэд аюулгүй гэж гарсан. Хятад вакцин хийлгэвэл урагт болон эхэд сөрөг нөлөө үзүүлэх мэтээр ярьж байгаа нь буруу. Дээр нь Хятад вакцин эрчүүдийг үргүй болгоно гэх мэдээлэл явж байгаа. Үр тогтолтод ямар ч сөрөг нөлөөгүй, жирэмслэхэд ч сөрөг нөлөөгүй” гэж байсан юм.

Вакцин хийлгэсэн жирэмсэн эмэгтэйчүүд хяналтанд ороод явж байгаа

Харин “Ирээдүй” эмэгтэйчүүдийн эмнэлгээс энэ талаар тодруулахад, “Вакцинаас болоод урагт нөлөө үзүүлсэн, үзүүлээгүй гэх судалгаа одоогоор байхгүй тул тодорхой хариу хэлэх боломжгүй. Зарим вакцин хийлгэсэн жирэмсэн эхчүүд маань эхондоо үзүүлээд хяналтын эмчдээ үзүүлээд явж байгаа” гэсэн юм.

Иймээс жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүд болон сарын тэмдэг нь алдагдсан, ирэхгүй удсан гэх зэрэг асуудал тулгарч буй эмэгтэйчүүд заавал мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авах нь чухал гэж мэргэжлийн эмч нар зөвлөж байна.

ТОКИО-2020: ОУХМ М.Лхагвагэрэл маргааш хүрэл медалийн төлөө барилдана
ТОКИО-2020: ОУХМ М.Лхагвагэрэл маргааш хүрэл медалийн төлөө барилдана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.