Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дээд боловсролын байгууллага ашгийн төлөө бус хуулийн этгээд үү, эсхүл ашгийн төлөө байж болох уу

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
18 минут 16 секунд

I. Сэдвийн өнөөгийн байдал

Дээд боловсролын байгууллага ашгийн төлөө бус хуулийн этгээд үү, эсхүл ашгийн төлөө этгээд байж болох уу? Энэхүү асуултын хариуг шууд хэлэхийн өмнө өмчийн эрх зүйн суурь харилцааг зохицуулдаг Хувийн эрх зүйн салбарын тухай хөндөхгүй байхын аргагүй. Түүнчлэн дээд боловсролын байгууллага нь нийтийн эрх зүйн хуулийн этгээд үү, эсхүл хувийн эрх зүйн хуулийн этгээд үү? гэдгээс хариултын эхний эрх зүйн тайлбарыг хийх ёстой.

Хувийн эрх зүйн бие даасан дэд салбар болох өмчийн эрх зүй нь үүргийн эрх зүйтэй харьцуулахад эдийн засгийг хөгжүүлэх томоохон эрх зүйн хэрэгсэл гэдгийг орхигдуулсан. Энэ нь өмчийн эрхийн асуудалд хэрхэн хандаж ирсэн пост социалист орнуудын системийн хандлагыг олон жил баримталж ирсэнтэй холбоотой. Өмчийн харилцаа нь маш өргөн хүрээг хамаардгийн хувьд ч боловсролын салбарт тулгарч буй олон асуултад нэг мөр хариу өгөх эрх зүйн шинэчлэлтийн шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа.

Өнөөдөр Монгол улсад сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 88 дээд боловсролын байгууллага байна. Өмчийн эрх зүйн хувьд дээд боловсролын сургалтын байгууллага нь төрийн өмчийн, хувийн өмчийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ төрийн өмчийн их,дээд сургууль гэдэг эрх зүйн статус, эдгээр сургуулиудын улсын төсвийн санхүүжилтийн эх үүсвэр тодорхой бус байна. Мөн хувийн өмчийн их, дээд сургуулиуд ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж болох эсэх нь маргааныг дагуулсаар байгаа билээ.

Юуны өмнө, дээд боловс­ролын байгууллагын өмчийн эрх зүйн зохицуулалтын тухай товчхон дурдаад дараа нь асуултын хариу болох эрх зүйн шийдлийн талаар авч үзье.

II. Дээд боловсролын сургалтын байгууллагын өмчийн эрх зүйн зохицуулалт

Иргэний хуулийн 99 дүгээр зүйлд зааснаар Монгол Улсад нийтийн болон хувийн өмч байна. Нийтийн өмчийн төрлийг субъектээр нь төрийн, орон нутгийн, шашны, олон нийтийн гэсэн хэлбэртэй байна. Хувийн өмч нь иргэний болон дундын гэсэн хэлбэртэй байна. Нийтийн болон хувийн өмч нь холимог хэлбэрээр байж болохыг хуульчилсан.

Өмчийг ийнхүү хэлбэр, төрөлд ангилах нь тэдгээрийн иргэний эрх зүйн зохицуулалт тус бүр өөр өөрийн онцлогтой холбоотой.

Төрийн өмчийн их, дээд сургуулийн өмчийн эрх зүйн зохицуулалт. Төр түүний эрх бүхий байгууллага иргэний эрх зүйн онцгой бие даасан субъект юм. Төрийн өмчийн эрх нь уг өмчийн эрх олон субъектэд хуваагддагаараа онцлогтой. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийтийн эрх зүйн хуулийн этгээд байгуулан өөрийн өмч төрийн өмчит үйлдвэрийн газрыг удирдуулж болно. Тухайлбал, төрийн өмчийн их, дээд сургууль дээд боловсролын сургалтын хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд эрх зүйн статус нь боловсрол, сургалтын байгууллага, зарим нь улсын төсөвт үйлдвэрийн газар гэж бүртгэлтэй байдаг. Тодруулбал, улсын үйлдвэрийн газрын өмчлөгч нь төр хэвээрээ байдаг. Харин итгэмжлэгдсэн субъект болох тухайн их дээд сургуулийн удирдлага буюу эрхийг хэрэгжүүлэгч нь эдийн баялгийн хязгаарлагдмал эрх эдэлдэг тул уг эд хөрөнгийг тухайн төрийн өмчийн их, дээд сургуулийн өмчлөлд шилжүүлдэггүй харин төрийн өмчийн газар, баригдсан барилга байгууламжийг ашиглаж эзэмших эрхийг нь шилжүүлдэг. Иймээс Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар төрийн өмчийн их, дээд сургууль нь уг эд хөрөнгийг бие дааж захиран зарцуулах эрхгүй, зөвхөн хууль ёсны шударга эзэмшигч юм.

Иймд төрийн өмчит их дээд сургууль нь иргэний эрх зүйн харилцаанд төр, түүний байгууллагаас олгосон эрх хэмжээний хүрээнд л оролцдог.Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 3-д зааснаар Төрийн болон орон нутгийн өмчийн субъект нь төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, нийслэл, сум дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцохыг хуульчилсан.Их, дээд сургуулийн өмчийн эрх зүйн харилцаанд Удирдах зөвлөлийн үүрэг, хариуцлага ихээхэн чухал байдаг.

Төрийн өмчийн объект нь төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмчөөс бүрддэг. Төрийн нийтийн зориулалттай өмчид Үндсэн хууль болон бусад хуулиар бүх ард түмний мэдэлд байдаг нийтийн зориулалттай өмч тухайлбал, иргэдэд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, түүний баялаг, ус, ургамал, ан амьтны нөөц, түүх соёлын үнэт цогцолбор, хөшөө дурсгал болон бусад нийтийн зориулалтаар ашиглахаар тогтоосон эд хөрөнгө хамаардаг. Төрийн нийтийн зориулалттай өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг Улсын Их Хурал хэрэгжүүлдэг.

Харин төрийн өөрийн өмчит төрийн байгууллага, албан газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрд ногдох хувь хөрөнгө, улсын төсвийн хөрөнгө хамаарна. Тухайлбал, төрийн өмчит их, дээд сургуулиуд нь төрийн өмчийн газар, социализмын үед баригдсан барилга байгууламжийг ашиглан үйл ажиллагаа явуулж байна.

Гэхдээ төрийн өмчийн их, дээд сургуулиудын орлогын 70-85 хувийг сургалтын төлбөр, 15-30 хувийг бусад эх үүсвэрээс бүрдүүлж байна. Үндсэн үйл ажиллагаанаас нийт орлогын ихэнх хувийг олж, төрөөс тогтмол зардлын санхүүжилт 5-6 хувийг эзэлж байгаа нь төрийн өмчит хуулийн этгээд байж чадах уу?

Тэгвэл төрийн өмчит их, дээд сургуулиудын хувьд нэгэнт л төрийн өмчит гэж буй учир бүхий л зардал, санхүүжилт, үйл ажиллагааг төрөөс тогтмол санхүүжих учиртай. Гэвч практикт төрийн өмчит сургуулийн дийлэнх зардлыг тус сургуулийн өмчлөгч төр биш, харин үйлчилгээ авч буй этгээд буюу хувийн хөрөнгөөр санхүүжүүлдэг.

Мөн санхүүжилт нь Зас­гийн газрын хөрөнгө, гадаад, дотоодын зээл тусламж, хандив, инновацын грант, эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнгээс олсон орлого, их сургуулийн харьяа аж ахуйн нэгжүүдийн орлого, хувь хүмүүс болон судалгааны орлого, сургалтын төлбөр зэргээс эх үүсвэртэй. Иймээс өмчийн эрх зүйн онолын талаас өмчийн хэлбэрийн хувьд холимог хэлбэртэй юм. Пост-социалист орнууд болох Монгол, ОХУ, Украин зэрэг улс орнуудын хувьд нийтийн, /төрийн/ хувийн гэх өмчийн төрлүүдээс гадна өмчийн холимог хэлбэр үүсэж буй бөгөөд цаашид ч үүсэх чиг хандлага өсөх төлөвтэй байна.

Хувийн өмчийн их, дээд сургуулийн өмчийн эрх зүйн зохицуулалт

Хувь нийлүүлэгчид нь хувийн өмчийн их, дээд сургуулиудад нийлүүлэх эд хөрөнгөө түүний бүрэн эрх мэдэлд шилжүүлж, өөрийн гэсэн тусгаарлан эзэмшиж буй эд хөрөнгийн өмчлөгчийн хувьд түүнийг ашиглах, эзэмших, захиран зарцуулах бүрэн эрхтэй байдаг. Тодруулбал, хувь нийлүүлэгчид нь хувийн өмчийн их, дээд сургуулийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон ашиг орлогыг өөрөө авч санхүүждэг, үйл ажиллагааныхаа үр дагавар, хариуцлагыг өөрийн хөрөнгөөр хариуцдаг. Хувийн өмчийн их, дээд сургуулиудын орлогын 96 хувийг үндсэн үйл ажиллагааны орлого буюу сургалтын төлбөр, үлдсэн багахан хувийг төслийн санхүүжилт, дотуур байр, түрээсийн орлого бүрдүүлж байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд эрх зүйн статус нь боловсрол, сургалтын байгууллага, зарим нь хязгаарлагдмал хувьцаат компани гэж бүртгэлтэй байна. Тэгэхлээр хувийн өмчийн их, дээд сургуулийн үүсгэн байгуулагч ашиг, олох зорилготой байгуулж байгаа бол өмчийн эрх зүйн харилцааг Компанийн хуулиар зохицуулна.

Хувийн хэвшлийн хуулийн этгээд нь компани, нөхөрлөл зэрэг нэлээн өргөн хүрээтэй олон төрөлтэй байдаг. Компанид хувь нийлүүлэгчдийн оруулсан эд хөрөнгөөс бүрддэг. Компанийн өөрийн хөрөнгө нь хувь нийлүүлэгчдийн оруулсан хувь хөрөнгийн үнийн дүн бөгөөд хувь нийлүүлэгчдийн хувь хөрөнгө нь хувь нийлүүлэгчдийн шаардах эрхийг тодорхойлж хувьцаанд хуваагдана. Компанид оруулсан хувь хөрөнгийн хэмжээ нь шаардах эрхийн хэмжээ болохоос эдийн баялгийн эрхийн хувь хэмжээ болохгүй. Ийм учраас компанийг үүсгэн байгуулагчдын хувь хөрөнгө нь хувь нийлүүлэгчдийн ногдол ашиг авах эрхийг нь илэрхийлэхээс гадна хувь нийлүүлэгч нь компанийг татан буулгах, эсхүл компаниас гарахад хөрөнгийн хэмжээг тодорхойлох үндэслэл болдог.

III. Хувийн эрх зүйн хуулийн этгээд ба нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн ялгаа

Иргэний хуулийн 26 дугаар зүйлд хуулийн этгээдийг түүний иргэний эрх зүйн чадвар, үүсгэн байгуулах журам, үйл ажиллагааны мөн чанарын онцлогийн шалгуураар хувийн эрх зүйн хуулийн этгээд, нийтийн эрх зүйн хуулийн этгээд гэж хоёр ангилдаг. Харин Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д хуулийн этгээдийн үндсэн зорилгыг нь шалгуур болгон ашиг олох зорилготой ашгийн төлөө, хууль болон дүрэмд заасан зорилготой ашгийн төлөө бус хуулийн этгээд гэж ангилдаг. Хувийн эрх зүйн ашгийн төлөө хуулийн этгээдийн үндсэн төрөл нь компани, нөхөрлөл юм.Хувийн эрх зүйн ашгийн төлөө хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэж, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасуулснаар дуусгавар болно. Үүсгэн байгуулагчдын санаачилгаар сайн дурын үндсэн дээр Иргэний хууль болон түүний үндсэн дээр батлагдан гарсан тусгай хуулийн дагуу байгуулагддаг хуулийн этгээдийг ойлгоно.

Зарим ашгийн төлөө хуулийн этгээд ч иргэний эрх зүйн тусгай чадвартай байж болно. Тухайлбал, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь иргэний эрх зүйн тусгай чадвартай байна. Тэдгээрийн эрх зүйн чадвар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар тодорхойлогдоно. Мөн үйл ажиллагааны хүрээ нь хуулиар хязгаарлагддаг боловсрол (Боловсролын багц хууль), банк (Банкны тухай хууль), даатгалын байгууллага (Даатгалын тухай хууль) зэрэг нь иргэний эрх зүйн тусгай чадвартай хуулийн этгээдэд хамаарна. Эдгээр хуулийн этгээдийн иргэний эрх зүйн тусгай чадварын хүрээнээс хальж хийсэн хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-дэх хэсэгт заасан хуулийн этгээдийн үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна.

Харин Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-д заасан ашгийн төлөө бус хуулийн этгээдийн эрх зүйн ангиллыг тогтооход практикт бэрхшээл гардаг. Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн үндсэн төрөл нь холбоо, сан, хоршооны хувьд хүмүүсийн нэгдэл, эсхүл үзэл баримтлалын үүднээс ашгийн төлөө бус хуулийн этгээд гэж үздэг ч эдгээр нь бодит байдал дээр ашиг олох үйл ажиллагаа явуулдаг.

Нийтийн эрх зүйн олонх хуулийн этгээд нь төр, засаг­лалын бүрэн эрхтэй байдаг. Тэдгээрт улсын сан хөмрөгийн хувьд эд хөрөнгийн харилцаанд оролцож байгаа төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, (аймаг, нийс­лэл, сум дүүрэг) хамаарна. Мөн нийтийн эрх зүйн хэм хэмжээн дээр үндэслэн байгуулагдсан, шинжлэх ухаан, соёл гэгээрлийн, шашны болон төр засаг, нийгэмд тустай чиг үүрэг бүхий бусад байгууллага, албан газар нь нийтийн эрх зүйн хуулийн этгээд байна. Эдгээр хуулийн этгээд нь ямар нэгэн төр засаглалын бүрэн эрх хэрэгжүүлдэггүй. Эдгээрийн тоонд академи, их сургууль, дунд сургууль, музей, эмнэ­лэг, халамжийн газар, худалдааны танхим, номын сан, шашны байгууллага зэрэг багтана. Нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн эрх зүйн чадвар нь хуульд заасан журмаар байгуулагдсанаар үүсэж, татан буугдсанаар дуусгавар болно. Тухайлбал, төрийн байгууллагын хувьд төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр гарснаар иргэний эрх зүйн чадвар нь үүсэж, дуусгавар болно. Харин боловсролын байгууллагын хувьд Боловсролын тухай багц хуулийн дагуу зөвшөөрөл авч, улсын бүртгэлд бүртгэгдсэнээр иргэний эрх зүйн чадвар нь үүсэж, татан буугдаж, уг бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно.

Нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох дээд боловсролын байгууллага нь нийтийн эрх зүйн шинжтэй үйл ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль болон нийтийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгоно.

Тэгэхлээр өмчийн аль ч хэлбэрийн дээд боловсролын байгууллагын зорилго нь сургалт судалгаанаас гадна хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, олон улсад өрсөлдөх мэдлэг, ур чадвартай, хөрвөх чадвартай, бүтээлч, хариуцлагатай, төлөвшсөн, эх оронч иргэнийг бэлтгэх замаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд нийтийн эрх ашгийн төлөө үйлчилгээ үзүүлдэг тул нэг талаас олон нийтийн эрх зүйн статустай бөгөөд үйл ажиллагааныхаа хүрээнд ашгийн төлөө болон ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулж болно.Тодруулбал, нэг талаас нийтийн ашиг сонирхлын хүрээнд үүссэн нийгмийн харилцааг императив аргаар Засгийн газар ба боловсролын байгууллагын хоорондын харилцаа нь нийтийн эрх зүйн харилцаа юм. Харин төрийн болон орон нутгийн өмчөөр худалдааг зохион байгуулах журмыг Иргэний хуулиар зохицуулж худалдах-худалдан авах гэрээ байгуулагдана. Нөгөө талаас тус салбарын эрх зүйн харилцаанд оролцогчид өөрсдийн хүсэл зоригийн дагуу сонгох давуу талтай. Энэ онцлог нь сурах эрх.Харин төрийн болон орон нутгийн өмчөөр худалдааг зохион байгуулах журмыг Иргэний хуулиар зохицуулж худалдах-худалдан авах гэрээ байгуулагдана. Иймээс өнөөдөр өмчийн эрх зүйн харилцаанд нийтийн болон хувийн эрх зүйн хуулийн этгээдийн төрлийн эрх зүйн статусыг нарийвчлан ялгаж төрийн ба орон нутгийн өмчийн тухай хуульд тусгах шаардлагатай.

IV. Асуудал,

шийдэл

Хууль тогтоогчид Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн төсөлд анхаарах шаардлагатай гол асуудал бол төрөөс шууд хараат бус хамтын хариуцлагатай засаглал, академик эрх чөлөөг хангасан тогтмол санхүүжилтийн эрх зүйн зохицуулалтыг маш тодорхой хоёрдмол агуулгагүйгээр өмчийн эрх зүйн хүрээнд дараах байдлаар хуульчилж баталгаажуулах шаардлагатай. Үүнд:

1) Хууль тогтоогчид төрийн өмчийн их, дээд сургуулийг нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн олон нийтийн статустай хөгжүүлэхэд тогтвортой санхүүжилтийн дэмжлэгийг анхаарч маш тодорхой тухайлбал, төрийн өмчийн их, дээд сургуулийн үйл ажиллагааны зардлын 30-аас доошгүй хувийг улсын төсвөөс хуульчлах;

2) Өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр хувийн эрх зүйн хуулийн этгээд болох компанийн хэлбэрээр үндсэн сургалт, судалгааны үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд ашгийн төлөө үйл ажиллагаатай холбоотой харилцааг Компанийн тухай хуулиар зохицуулах заалтыг тусад нь хуульчлах ёстой юм.

Нийтлэлч: БШУЯ-ны Дээд Боловсролын газрын дарга, Хууль зүйн доктор С.Должин

Беларусийн гүйлтийн тамирчин Кристина Тимановская Японоос
Беларусийн гүйлтийн тамирчин Кристина Тимановская Японоос "зугтав"
 
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.