Урин дулаан цаг ирж иргэд гол ус бараадан амралтын өдрүүдээ өнгөрүүлж байна. Амралтын өдрүүдээр цагдаа болон онцгой байдлын албанаас иргэддээ аялал, зугаалгаар явахдаа гол, уснаас хол буух, бага насны хүүхдэд тогтмол хараа хяналтаа тавих, гол усанд унах, живэхээс сэргийлэх, насанд хүрсэн иргэдийг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу орохгүй байх сэрэмжлүүлгийг удаа дараа өгч байгаа боловч иргэд гол усанд эндэх, осолдох байдал тасрахгүй байгааг анхааруулж байна. Өнөөдрийн байдлаар усанд осолдсон 2 том хүн, 2 хүүхдийг эрэн хайх ажиллагаа хийгдэж байна. Тодруулбал,
Дорнод аймгийн Хэрлэн голын эрэг дээр 3 хүүхэд тоглож байснаас 1 хүүхэд нь живсэн тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1 км зам туулан 09:32 цагт очиход Т/10 настай, эрэгтэй/ нь “Хэрлэн" голд живсэн тул осолдсон газраас зүүн зүгт 5 дугаар багийн “Улаан-Эрэг” гэдэг газраас “Хадан хошуу" гэдэг газар хүртэл 49 км-т завиар урсаж, 1.5-2 метрийн гүнд 35 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:35 цагт түр зогсоосон. 07.10-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Хонгор багийн “Хорин нэгийн-Арал” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 48 км-т/ “Эг”-ийн голын эрэг дээр 5 хүн зугаалж байснаас 1 хүн живсэн тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 18:49 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн П /28 настай, эрэгтэй/ нь “Эг”-ийн голд живсэн тул 07.09-ний өдрийн 05:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг 2 бүлэгт хуваагдаж зохион байгуулсан. 1 дүгээр бүлэг: “Хорин нэгийн-Арал” гэдэг газраас “Хантай багийн төв” гэдэг газар хүртэл 80 км-т завиар урсаж, 3-6 метрийн гүнд 7 удаа шумбаж, 2 дугаар бүлэг: “Хорин нэгийн гарам” гэдэг газраас “Баянгийн-Ар” гэдэг газар хүртэл голын эрэг дагуу 13 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:30 цагт түр зогсоосон. 07.10-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Төв аймаг, Лүн сум. Ногоон хоолой багийн “Үнэгтийн хоолой" гэдэг газарт /аймгийн төвөөс баруун зүгт 175 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 55 км-т/ 07.09-ний өдрийн 11:00 цагийн орчим “Туул" голын эрэг дээр 4 хүүхэд тоглож байснаас 1 хүүхэд живсэн тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 12:40 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид мөн өдрийн 14:25 цагт очиход С /15 настай, эрэгтэй/ нь “Туул” голд живсэн тул “Элстэйн гарам" гэдэг газраас “Чулуутын гарам" гэдэг газар хүртэл 12 км-т завиар урсаж, голын эрэг дагуу 8 км-т автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:10 цагт түр зогсоосон. 07.10-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум. Бэлчир багийн “Сүмийн булан” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 111 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 31 км-т/ “Сэлэнгэ” мөрөнд 2 иргэн осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг цагдаагийн байгууллагаас 07.09-ний өдрийн 15:09 цагт хүлээн авсан.
07.04-ний өдөр “Сэлэнгэ” мөрний эрэг дээр 10 иргэн зугаалж байснаас тус аймгийн харьяат иргэн Д/58 настай, эрэгтэй/, Н/50 настай, эмэгтэй/ нар нь “Ниссан Экстрал" загварын суудлын автомашинтай явж байсан бөгөөд сураггүй болсон.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газрын алба хаагчид, алба хаагч, мөн өдрийн 17:50 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 17:40 цагт иргэн Д-ийн цогцсыг /осолдсон газраас хойд зүгт 1 км-т/ нь “Сүмийн булан” гэдэг газраас олж, тус аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж өгсөн.
Иргэн Н-ийг тус сумын “Суварга-Уул” гэдэг газраас “Орхоны гүүр” гэдэг газар хүртэл 18 км-т завиар урсаж, голын эрэг дагуу 6 км-т автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:00 цагт түр зогсоосон. 07.10-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.